Намайг Учралын Ганболд гэдэг
Энэ жил 36 настай. Эхнэр, охины хамт амьдардаг. Короновирус гарсантай холбоотой жижиг цайны газраа хаахаас аргагүйд хүрч гэртээ суух “ажилд” шилжсэн. Эхний хэд хоног амраад, гэрийнхэнтэйгээ хамтдаа сайхан л байв. Удахгүй банкны лизингээ төлөхийг шаардах ажилтан эмэгтэйн байн байн утасдах, машины төлбөрөө гүйцээхийг шаардах ченжийн дарамталсан мессеж, тогоочийн маань хүүхэд өвдөөд гэж зээл гуйх өрөвдөлтэй царайнд миний даралт өсөж, ярианд минь бухимдал цухалзаж эхлэв. Гэвч энэ шинэ дарамт, шинэ мэдрэмж бишээ. “Энэ чинь алаан байхгүй юу” гэдэг шиг л өдөр тутам урд хормойгоо ард хормойгоороо нөхсөөр, зүтгэсээр ирсэн монголын дундаж иргэний л туучдаг зам. Болгосоор ирсэн, цаашид болгоод амьдарч л таарна.
Уур минь хүрч байна
Учралын Ганболдоос хамаарахгүй, хамаатай мэт боловч өөрийг минь оролцуулахгүй шийдэж байгаа, амьдралд минь тус болдоггүй юмаа гэхэд ус болох төрийн шийдвэр, улс төрийн үйл явдал өрнөдгийг энэ хэд хоногт гэртээ телевизийн удирдлага эргүүлж, гэрийнхээ Wi Fi-аар утсаа элэгдтэл сошиал ухсаны хүчинд “ойлгох” шив. Өмнө нь үүрийн гэгээнээр гарч, өдөржин шогшиж, үдшийн бүрийгээр орж ирдэг амьдрал маань улс төр, нийгмийн мэдээлэл сонирхох зав олгодоггүй байж. Улс төр гэдэг ч завтай, ажилгүй хүмүүсийн л хийдэг зүйл бололтой.
Нэг бүтэн өдөржин, оройжин тавантолгойн нүүрс дээр IPO гаргах нь зөв буруу эсэх талаарх улс төрчдийн маргааныг телевиз болон сошиалаар баруун солгойгүй гаргав. З.Энхболд гээд миний л мэдэхийн сүүлийн гучин жил дарга, гишүүн хийсэн улстөрч тавантолгойн 30 хувь дээр Засгийн Газар IPO хийж жаахан мөнгөөр өгөх гээд байна, MCS төрөөс хямдаар тавантолгойг авах гээд байна гэж шазуур зуух аж. Хариуд нь эдийн засагч гээд байдаг билүү Л.Наранбаатар гэх залуу З.Энхболдыг Страто гэх төрсөн дүүгийнхээ компанид тавантолгойн нүүрсийг хямд угааж хятадуудад зарах гээд байна гэв.
Түй чёрт, хэн хэн нь л тавантолгойн нүүрсийг хямдхан авч хятадуудад зарах сонирхолтой юмуу хаашаа юм.
Ингэхэд тавантолгой чинь 1072 хувьцаа эзэмшигч нийт иргэдийн өмч биздээ. Яахаараа У.Ганболдын өмнөөс, иргэдийн өмнөөс энэ хоёр улс төрч булаацалдаж хэрэлдэж байдаг билээ. Бид арай л амгалан тэнэг байгаа юм бус уу. Тэр уул уурхайн яам нь ч бодлогоо яагаад тодорхой тайлбарлаж болдоггүй юм. Б.Ганхуяг гээд тэр захирал залуу нь ч яагаад улс төрчдөд нүүр лүү нь харж байгаад хол бай, энэ бол нийт иргэдийн эрх ашиг гээд телевизээр шууд хэлчих зориг байдаггүй юм. Яагаад бид амьдрах гээд үхтэлээ зүтгэчихээд, тэр зүтгэлийг нь баллаж байгаа улс төрчдийг харж бухимдаж байх ёстой гэж. Надад лав таалагдахгүй байна.
Одоо иргэдийн өмчөөс зайлцгаа улс төрчдөө
Өчнөөн бухимдах зүйл байхад яагаад тавантолгойн хэрүүл дээр бухимдав гэж та гайхаж магадгүй. Хэдхэн сарын өмнө тавантолгойн 1072 хувьцааг эзэмшигч иргэдэд жилийн ашиг гэж 90 гаруй мянгөн төгрөг өгнө гэж захирал Б.Ганхуяг нь телевизээр ярихад хамгийн их баярласан хүний нэг нь би юм. Учир нь ийм хэмжээний мөнгийг авсан иргэд том зүйл худалдан авч чадахгүй учир бараг бүгдээрээ хүнсэндээ зарцуулдаг. Иргэдийн энэ мэт хөрөнгө оруулалт л мань мэтийн жижиг цайны газруудыг орлоготой байлгаж амьдруулж байдаг билээ. Зарим ухаантнууд бэлэн мөнгө тараах нь буруу гэж л байдаг. Гэвч их мөнгө биш бага мөнгө тараах нь шууд ждү буюу жижиг үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт болж очдогийг мэдэхгүй цагаан захтанууд телевиз болгоны эфирт шаваастай.
Гэтэл одоо балай улс төрчдийн хэрүүлээс болж тавантолгой нь дахиад гацах нь. Дахиад л бид гацсаны уршигаар хөрөнгө оруулалтгүй болж, иргэд бэлэн мөнгөгүй болно. Хар ухаанаар бодоход улс төрчид мань мэтийн дундаж иргэддээ таалагдах зүйл дээр попромоор юм. Гэтэл бүр эсрэгээрээ шүү. Одоо болно. З.Энхболдоо хэрүүлээ аваад тавантолгойгоос зайл. Та гучин жил биднийг удирдлаа. Бүр парламентийг удирдлаа. Хийх юмаа хийх цагтаа хийгээгүй хөгшин улс төрчид одоо зайл. Л.Наранбаатараа одоо болно. Үнэхээр MCS-ийн эрх ашгийг хангадаг бол Ухаа худагт нь очиж ажилла. Тавантолгойн хувьцаа эзэмшигчдийн нэрийг барьж хувийн пэйж ажиллуулж, сонгуулийн жилд попрохоо болио. Тавантолгойн Б.Ганхуяг захирал та ч гэсэн ажлаа зоригтой хий. Эцэст нь иргэд өөрсдөө эрх ашгаа хамгаалж орлоготой, ажилтай монгол хүн баймаар байна гэдгээ хэлье.
Э.Бат