Өнөө өглөө 07.55 цагт БНСУ-ыг зорьсон МИАТ-ын онгоц, Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Нийт 244 хүн энэхүү нислэгээр ирсэн бөгөөд Дэгү зэрэг өвчний тархалт өндөртэй болон коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэдийг ХӨСҮТ, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах юм. Харин үлдсэн иргэдийг Хан-Уул дүүргийн “Энхсаран” сувилалд тусгаарлах аж. Ингэхдээ Зам тээврийн хөгжлийн яамнаас найман автобус гаргаж иргэдийг тээвэрлэх юм байна.
Яг одоо онгоцноос буух иргэдийг тусгай автобус, унаагаар авахаар нисэх буудалд бэлдсэн бөгөөд ирж буй иргэдийг ар гэр, ойр дотны хүмүүстэй уулзуулахгүйгээр шууд тусгаарлах газар хүргэх юм.
Онгоцноос зорчигчдыг буулгаж халдваргүйжүүлэлт хийн автобусанд суулгаж байна. Нийт зорчигчдын ачааг нисэх буудлаас ар гэрийнхэн нь ирж авах бөгөөд тухайн зорчигч зөвхөн гар тээштэйгээ тусгаарлах байранд шууд очих юм.