Эрхэм уншигч танд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэлийн өгсөн зөвлөмжийг хүргэж байна.
Коронавирусийн халдварын тархалттай холбоотой нийт хүн амын дунд айж түгших, сэтгэл тавгүйтэх, сандрах, бухимдах нь ажиглагдаж байна. Энэ нь сэтгэл зүйн хэвийн хариу урвал юм. Мөн даралт ихсэх, толгой өвдөх, нойргүйдэх, амьсгаадах, зүрхний цохилт түргэсэх зэрэг шинжүүд хүмүүст илэрч байна.
Энэ бол шийдвэрлэж болох хэв шинж юм. Харин үүнийг шийдвэрлүүлэхгүй бол сэтгэцийн тулгамдсан асуудалтай болж үлдэх сөрөг талтай. Иргэд юуны өмнө ЭМЯ болон төрийн байгууллагуудын баталгаат мэдээлэл, зөвлөмжийг дагах ёстой. Мөн сэтгэл санаагаа тайван байлгаж, аль болох эерэг зүйлийн талаар бодох зүйтэй юм. Одоогийн нөхцөл байдал, өдөр тутмын амьдралаа зөв төлөвлөх шаардлагатай.
Ковид-19 халдварын талаар сөрөг мэдээлэлд автахгүй, сөрөг мэдээллийг бусдад тараахгүй байхад анхаарах нь чухал байна. Учир нь хүн муу хоол унд хэрэглэвэл гэдэс ходоо хямардгийн адил үргэлж муу мэдээ сонсож, үзэж, унших, тэр нь олон цагаар давтагдвал сэтгэлзүй өвдөж хямардаг юм. Тиймээс үүнийг мэдэж, өөрөө шийдвэрлэх чухал юм.
Хэрэв шийдвэрлэж чадахгүй бол гэр бүлийнхээ хэн нэгэнтэй ярилцаж, зөвлөлд. Эвсэл СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарын утсаар холбогдож зөвлөгөө авч болно. Иргэд сүүлийн долоо хоногт энэ утсаар холбогдож, коронавирусийн халдварын талаар санаа зовсон байдалтай байгаа нь бидэнд ажиглагдсан.
Та бүхэн хөгжим сонсож, ном сонин унших, гэр бүлийнхэнтэйгээ амьд харилцаа үүсгэх нь чухал. Түүнчлэн чанартай хүнс хэрэглэж, сайн унтаж амрах, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй гэж зөвлөгөө өглөө.