МЭДЭГДЭЛ
Хятад улсад шинэ корона вирусын халдвар гарсанаас хойш өнөөдрийн байдлаар нийт 79 улс оронд тархаж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага онц байдал зарласан билээ. Олон улсын эдийн засгийн шинжээчдийн үзэж байгаагаар глобалчлагдсан эдийн засагт урьд хожид байгаагүй сөрөг үр дагавар, гарз хохирол учруулах магадлалтай хэмээн дүгнэж байна.
Үүнээс үүдэн дэлхийн улс орнууд үндэсний аюулгүй байдал ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж дотооддоо өөр өөрсдийн арга хэмжээнүүдийг дор бүрнээ авч ажиллаж байгаагаас хамгийн чухал нь гол нэрийн барааны хүнсний нөөцийг бүрдүүлэх явдал юм.
Гурилын үйлдвэрүүд хэдий хувийн хэвшил боловч ард түмэн, нийт хэрэглэгчдийнхээ өмнө ямар ч цаг мөчид стратегийн хүнс болох эрүүл, чанартай гурилаар тасралтгүй хангах үүрэг хариуцлага хүлээсэн үндэсний үйлдвэрлэгчид билээ.
Өнөөдрийн энэ онцгой нөхцөл байдалд аль нэг гурилын үйлдвэр, аль нэг тариаланч, аль нэг импортлогч, албан тушаалтаны эрх ашгаас илүүтэйгээр Монгол Улсын эрх ашиг хамгийн чухал тул нэн яаралтай аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тал дээр бид бүхэн бүх хүчээ дайчлан ажиллах ёстой хэмээн манай холбоо үзэж байна.
Хэн нэгэн өчүүхэн массын хувийн ашиг сонирхол, эрх ашиг яригдсаар байтал ард түмний чухал хэрэглээ болох гурил тасалдаж, талх үйлдвэрлэгдэхгүй болох тэр үед хэнийг буруутай гэж тогтоон хариуцлага тооцох вэ? Энэ үед хэнтэй ч хариуцлага тооцоход оройтсон байх бөгөөд үүний хор уршгийг нийт хэрэглэгчид, ард түмэн, гурилын үйлдвэр, тариаланчид, малчид гээд Монгол Улс тэр даяараа амсана.
Монгол Улс жилд 240,000тн буюу сард 20,000тн орчим гурилын хэрэглээтэй. /Эх сурвалж: 2018 онд 239,324.6тн гурил үйлдвэрлэсэн Үндэсний Статистикийн Хороо/ Дээрх гурилыг үйлдвэрлэхэд дор хаяж 345,000тн хүнсний улаан буудай шаардлагатай. /Стандартын дагуу тарианы хольц 5%, гадны хольц 2%-ийг гурил үйлдвэрлэлд нийт буудайн тонн хэмжээнээс хасаж тооцно/ 2019 оны намрын ургацаас Хүнсний буудайн техникийн ерөнхий шаардлага MNS 0097-2010 стандатыг хангасан 240,000тн орчим улаан буудайг гурилын үйлдвэрүүд хүлээн авсан, энэ нь 163,200тн гурил юм.
2019 оны 09-р сараас гурилын хэрэглээг тооцвол 2020 оны 04-р сар гэхэд гурилын нөөц дуусахаар байгаа нь маш ойлгомжтой харагдаж байна. Бид ирэх намрын ургац хүртэл хангалттай нөөц бүрдүүлэх, цаашид аюулгүйн нөөцийг хангалттай хэмжээнд бий болгохын тулд 150,000тн-160,000тн улаан буудай буюу 102,000тн гурилыг нийт ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө заавал үйлдвэрлэх нөхцөл байдал шаардлага үүсч байна.
Гурил нь өргөн хэрэглээний гол нэрийн чухал хүнсний нэг байтал зах, дэлгүүрүүдэд сүүлчийн шуудай гурил зарагдаж дуусахад гурилын үйлдвэр улаан буудай хүлээн авах ёстой мэт хэмжээнд сэтгэж хардаг өчүүхэн бодолтой хэсэг бүлэг амин хувиа хичээгчид байдаг нь үнэхээр харамсалтай. Бүхэл бүтэн улс орны хэмжээний хүнсний нөөцийн асуудал нь хамгийн багадаа 3 сараар яригдах учиртай байтал улаан буудайн тасалдал үүсгэж гурил хомсдуулж өндөр үнэд хүргэх нь хэнд ашигтай вэ? Хэний эрх ашгийн төлөө нийт ард иргэдийн эрх ашгийг хойш нь тавьж байна вэ?
Гурил үйлдвэрлэл нь олон зуун жилийн туршид өөрийн гэсэн технологийн хүрээнд өргөжин хөгжиж өнөөгийн түвшинд хүрсэн бөгөөд үйлдвэрлэлийн эрин үеэс эхлэн дэлхийн аль ч улс оронд гахайн тэжээлээр гурил үйлдвэрлэж байсан түүх үгүй билээ. Одоогийн байдлаар Монгол Улсад гурилын үйлдвэрлэл явуулж буй үйлдвэрүүд нь дэлхийн шилдэг Швецарын Булер, Туркийн Алапала брэндийн үйлдвэрүүдийн хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат, орчин үеийн техник тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна.
Монгол Улс өөрийн гэсэн хүнсний үйлдвэрийн хууль тогтоомж, стандарт, норм, дүрэм, журамтай ба үүнийг хэрэгжүүлж, хянаж ажилладаг бүхэл бүтэн тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын бие даасан үйл ажиллагааны хүрээнд ганц хүнсний улаан буудай ч биш бүх төрлийн хүсний бүтээгдэхүүнүүд зохих шинжилгээ, хяналт хийгдэж зөвшөөрөгдсөний эцэст импортоор орж ирдэг.
Эцсийн дүндээ ямар ч үйлдвэрлэгч үйлдвэрлэлээ тогтвортой, урт хугацаанд үр өгөөжтэй ажилуулахын тулд хэрэглэгчид хамгийн сайн, эрүүл, аюулгүй чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байж оршин тогтнодог нь өнөөгийн нийгэм, зах зээлийн үндэс суурь юм.
Ганц гурил үйлдвэрлэгчид гэлтгүй бүх хувийн хэвшлийн байгууллагууд хэзээ ч улсын төсвөөс санхүүжиж, татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаггүй гэдгийг мэдэдгүй, мэддэг хэрнээ мэдэхгүй царайлж, өөрсдийн ухамсар дорой, явцуу эрх ашгаа гайхуулж олон нийтийг худал мэдээлэлээр төөрөгдүүлэн турхирч өөрсдийн өчүүхэн эрх ашгийн төлөө ашиглах сонирхолтой хэсэг бүлэг этгээдүүдэд хууль хяналтын байгууллагууд зохих хариуцлагыг тооцно гэдэгт найдаж байна.
Хэрэглэгч, үйлдвэрлэгч, түүхий эд үйлдвэрлэгчийн аль нэг байхгүй бол тухайн бүтээгдэхүүн зах зээл дээр байх боломжгүй, үүнтэй адилаар гурилын үйлдвэр ажилгүй зогсвол намар тариаланчдаас буудай худалдан авч, гурил үйлдвэрлэх процесс доголдсоноор ганц гурилын үйлдвэр биш тариаланчдад ч мөн шууд сөрөг нөлөө үзүүлж эхлэнэ.
Бид нийт хэрэглэгчдийн эрх ашгийг бүх эрх ашгаас дээгүүрт тавьж ард түмний хэрэгцээнд нэн чухал шаардлагатай хүнсний өргөн хэрэглээний гурилыг ямарч гүтгэлэг, доромжлол, дайралтыг сөрөн үйлдвэрлэнэ гэдгээ албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО