АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Тус намын гишүүд, дэмжигчдийн эсрэг улс төрийн зорилгоор хоморголон хэрэг үүсгэж байгааг эсэргүүцэн мэдэгдэл гаргаж байгаагаа” дуулгалаа.
Уг мэдэгдэлд АН-аас төрийн хариуцлагатай алба болох УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, сайдын алба хашиж байсан нэр бүхий гишүүдэд холбогдуулан хэрэг үүсгэх, хэрэг үүсгэхээр айлган сүрдүүлж байгаа нь хууль бус үйлдэл болохыг илэрхийлсэн байна.
Мөн Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий 55 ордын нэг Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тухай УИХ-ын тогтоолууд үр дүнд хүрээгүй болохыг С.Эрдэнэ мэдэгдэж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна.
Хуулийн төслийг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг ашиглах чиглэлд гаргасан УИХ-ын тогтоол, шийдвэрүүдэд нэн даруй өөрчлөлт оруулах шаардлагын үүднээс боловсруулсан аж. Ингэснээр Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртээх, зүй зохистойгоор ашиглах чиглэлд бодлогын томоохон өөрчлөлт гарна” гэж үзжээ.