Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд зарим шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэднээс зургаан шүүгчийг “Салхитын мөнгөний орд”-ын хэрэгт холбогдуулан хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдсэн юм.
Тодруулбал, дээрх ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ авлига авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.03.09/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх зургаан шүүгч болон Б.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно.