Эрүүл мэндийн яамнаас корона ьирусийн халдварын талаар цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл тус мэдээллийн үеэр хэлэхдээ, коронавирусийн халдвар дэлхийн 86 орныг хамраад байна. Итали гэх мэт бусад улсад хурдацтай тархаж байна. Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн зөвлөгөөний дагуу хүнд хэлбэрийн өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэх, хөнгөн бол гэрт нь байлгах арга хэмжээ авч байгаа” гэлээ.
Өнөөдрийн мэдээллийн үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ: “Дэлхийн олон оронд халдвар бүртгэгдлээ. Европын орнуудад халдвар ихээр тархаж байна. Хоёрдугаар тохиолдлын тоогоор БНСУ орлоо. Сүүлийн 2-3 долоо хоногт олон улсын байгууллагууд бэлэн байдалтай оролцож байна. ДЭМБ-аар дамжуулан Германаас зөвлөх баг ирж ажиллалаа.
Олон улсын яаралтай тусламжийн баг үндэсний багтай ажиллаж байна. Монголд нэг ч халдвар бүртгэгдээгүй байгаа, Засгийн газар бүх боломжийг ашиглан ажиллаж байна” гэж хэлсэн бол ДЭМБ-ийн Яаралтай тусламжийн багийн ахлагч Хауке Флориан “Монгол Улсад одоогоор нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч шинжлэх ухааны судалгааг нарийн ажиглан бэлтгэлээ ханган ажиллахыг зөвлөж байна.
Эмнэлгүүдээр явахдаа халдвар бүртгэгдвэл авах арга хэмжээний бэлтгэл маш сайн хангасан нь ажиглагдаж байна.
Өвчтөний 80 хувьд халдвар хөнгөн хэлбэрээр халдварладаг тул энэ тохиолдолд хэрхэн ажиллах талаар зохих арга хэмжээг авах шаардлагатай. Өчигдөр Улаанбаатар хотод сургагч багш нарт сургалт явуулсан. Ингэснээр өрх, дүүргийн эмнэлэгт бэлэн байдлыг хангах сургагч багш нартай болсон.
Мөн сургалтаар хувийн хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн ажилтан хэрхэн зөв зохистой ашиглах талаар заасан. Халдвараас сэргийлэхийн тулд эмнэлэгт яаралтай хэвтэх шаардлагагүй өвчтөнд хэрхэн тусламж үзүүлэх талаар ярилцсан. ДЭМБ-ын удирдамжийг дагахыг зөвлөж байгаа.
Эрүүл мэндийн ажилтан тусгай үед N95 маскыг заавал зүүхийг зөвлөж байгаа. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээний үед иргэд ханиалгаж, найтаахдаа тохойгоо нугалж найтаах, олон нийтээр цуглахгүй байх, 1.5 метрийн зайтай байх, нэг минут тутамд гараа савандаж угаах, хувь хүн өөрийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй” гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: “Улсын хэмжээнд 01-р сарын 09-нөөс хойш 858 иргэнийг ажиглалтад авснаас одоогоор 476 иргэн ажиглалтад байна. Сэжигтэй тохиолдлоор 256 тохиолдлыг авч, хяналт шинжилгээ хийгээд байна.
Гурван иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарлаад байна. Өнөөдөр буюу /2020-03-06/ Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 104 иргэн ирсэнээс 17-г нь ажиглалтад авсан. Тавыг нь ХӨСҮТ-д, 12-нь Бага Баянгийн амралтын газарт аваачсан.
Зорчигчдын хоёрт нь халуурсан, ханиалгасан гэсэн зовуурь байгаа тул ХӨСҮТ-д тусгаарлсан” гэж мэдээлсэн бол ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 04-нд ирсэн тохиолдлуудын хариу сөрөг гарсан. Мөн сарын 5-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй ч таван хүнийг ХӨСҮТ-д, гурван хүнийг Дархан-Уул аймагт гээд найман хүнийг ажиглалтад аваад байна” гэж тус тус мэдээлэл хийлээ.
1 comment
Юу яриад байнаа эд нар, Яахаараа Монголд яг халдварын голомт болсон Итали Солонгосууд зориуд юм шиг орж ирээд байгаа юм бэ, яагаад Итали Солонгосуудыг шууд тэндээс нь буцаачиж болохгүй байгаа юм бэ, энэ бөөн вирус болцон юмнуудыг Монголд оруулахгүйгээр буцаа гээд хүмүүс хандив өргөөд байгаа юм биш үү Энхтүвшин даргаа !!!! Тэрнээс зүрх судас үзээд явж бай гэж өгөөгүй шүү Сарангэрэлээ