Монгол Улсын 21 дэхь Ерөнхий сайд, эдийн засагч Р.Амаржаргал Коронавирусын халдварын аюул, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар үнэлэлт дүгнэлт өгч, зарим нэг гарц, гаргалгааны талаар байр сууриа илэрхийлжээ. Ингээд түүний байр сууриас ишлэн хүргэж байна.
Улс төр
“Covid-19” нь нийгэм, сэтгэл зүй, улс төр, эдийн засаг, тэр ч байтугай аюулгүй байдлын шинж агуулгатай, асуудлыг өргөн утга, цогцоор авч үзэх бодит шаардлага тавьж байгаа юм.
Ямар гай зовлон нэрвэхийг урьдчилан хэлэх, таах аргагүй нөхцөлд төр, засаг, иргэд, бизнес, нийтийн чанартай нэгжүүд харилцан уялдаатай ажиллах бэлэн төлөвлөгөөтэй байх шаардлага юуны өмнө гарлаа. Наанадаж газар хөдлөлтийн үед яах талаар хийсэн зарим нэг сургуулилалтыг эс тооцвол бэлэн байдлын төлөвлөгөө бэлэн биш байна.
Ард иргэдээ гэгээрүүлэх, эрүүл биедээ хэрхэн саруул ухааныг бий болгон, хамтдаа дасан зохицож, тасралтгүй хөгжих чадамжийг бий болгох арга зүйг бэлэн болгох чиглэлд холбогдох судалгааны байгууллага, төр ач холбогдол өгөх цаг болжээ.
Нийгэм
Нийгмийн чиглэлд багтах энгийн жишээ гэхэд л ариун цэвэр сахих, гараа савандаж угаах, амны хаалт зүүх, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх, сэжигтэй бол эмнэлэгт хандах, амны хаалт үйлдвэрлэх, тараахад иргэний нийгэм, ТББ, сайн дурынхныг татан оролцуулах байж болно.
Гэтэл савангаа авч дийлэхгүй айл олон байгаа шүү дээ. Ёстой үнэгүй юм тараадаг бол эмзэг бүлгийнхэнд саван, алчуур тараах нь үр дүнтэй байх.Хамгийн гол нь нийгмийн уур амьсгалд ямарваа нэг үзэн ядалт гаргахгүй байхад анхаарна.
Улам бүр эх байгалиасаа тасарч, тэр хэрээр өөрийн биеийн дархлаагаа муутган, учир утгагүй тансагласан хэрэглээ, эдийг шүтсэн, түүгээрээ өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдсэн, тансаг хэрэглээ, эдийг олох аргаа эрх мэдэл гэж харсан харанхуй хүмүүс иргэдийн олонх нь болсон бус уу гэхээр “ард түмнээ дорд үзсэн гэдэг нэр хоч” авчих гээд байдаг. Ийм нийгэмд бид амьдарч байгаа болохоор монголчууд хоёр давхар вирустэй тэмцэх, хамгаалах хэрэгтэй болчихоод байгаа юм.
Иргэд олон нийтийн сэтгэл зүйн хамгаалалт, бэлтгэл хамгийн чухал. Өвчин, гай гамшгийг эс тоомсорлон, намайг дайрахгүй гэж боддогоо иргэн бид өөрчлөх нь чухал. Өөдрөг байж, цуурхалд автахгүй байх, өвчин туссан бол айхгүй, нийгэмд айдас төрүүлэхгүй, эелдэг найрсаг байх зэрэг нь аюулгүй байдлыг хангах нэг чиглэл мөн.
Цуурхалд лайк, ретвит хийхгүй байхыг уриалах ба албан ёсны мэдээллийг түгээлцэх, дэмжихэд иргэдийг татан оруулах арга хэлбэрээ олох хэрэгтэй.
Эдийн засаг
“Covid-19” ба эдийн засаг гэж асуудал бий. Хоёрдугаар сар гараад манай экспорт бүр зогслоо.
Сангийн бодлого, нэн ялангуяа татвар, даатгал, шимтгэл хураамж, татаас, төрөл бүрийн үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг ашиглан эдийн засгийн өсөлтийг унтраахгүй байх, болзошгүй сөрөг үр дагаврыг амдан зогсоох шаардлагатай.
Энэ хүнд нөхцөлд бизнесийн зээл тэглэх, НӨАТ багасгах, нийгмийн даатгалын төлбөрийг хасах, хойшлуулах, шууд татаас өгөх зэрэг олон санаа гарч ирж байгаа бөгөөд илт турхирсан, өдөөн хатгасан популист уриалга газар авах шинжтэй.
Мөнгөний бодлого ч гэсэн арилжааны банкуудаар дамжуулан бизнесийг дэмжих үүрэгтэй бөгөөд валютын ханшийн бодлого ч хоцрох учиргүй бөгөөд зөв хэрэглэж чадвал хямралын эсрэг багцын нэн чухал хэрэгсэл болно.
Төсвийн тодотгол хийвэл эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, тодруулбал, онлайн арилжаа худалдаа, хүргэлт ложистик, цахим орчны тэлэлт, гүнзгийрэлт, дата, takeaway зэрэг бизнесийн шинэ загвар цаашилбал, глобал зах зээлд өрнөж буй ажиллах хүч, валют, үйлдвэрлэл үйлчилгээний техник, технологийн нүүлгэн шилжүүлэлт, хөрөнгө оруулалтын хөдөлгөөнийг Монгол Улсад ашигтайгаар татах зэрэг асуудлыг давхар харж гүйцэтгэх учиртай.
Албан бус гэх тодотголтой, ёстой бор зүрхээрээ төр, засгаас ажлын байр, халамж нэхэлгүй гэр бүлээ авч яваа мянга мянган иргэнд хамгийн хүнд сорилт ирнэ, хамгааллаа ч нэхэж гуйх нь дамжиггүй.
Бэлтгэсэн: Н.БАТАА