Эрдэнэставан толгойг хувьчлах гэж байна, худалдах гэж байна гэх месежийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асах З.Энхболд нийгэмд цацаж эхлээд буй. Энэхүү асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ албан ёсны тайлбарыг хийлээ.
Тэрбээр “ Улс төр дөхөж байх шиг байна. Хүмүүс мэдэн будлидаг болж байна. Өөрсдөө хамт байж, мэддэг зүйлээ мэдэхгүй гэж ярьдаг. Зориуд мэдэж байгаа зүйлээ мушгин гуйвуулдаг байдал бий болж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Гансүхэд ҮАБЗ-ийн 2018 оны 3321 дугаар бүхий зөвлөмжийг төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19.1, Засгийн газрын 2019 оны 247-р тогтоолоор баталсан Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 3.5-д заасны дагуу ил болгох саналыг өгч байна.
Яагаад нууцаас гаргах гэж байна вэ гэхээр ҮАБЗ дээр нууц учраас нарын хэлж болохгүй. Ил болсон дараа мэдээлэх боломжтой.
Тавантолгойн нүүрсний ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2018 оны 7-р сарын 9-ны өдрийн тогтоол гарсан. Энэ хүрээнд ҮАБЗ-ийн 2018 оны 3321 зөвлөмжийг үндэслэн тогтоох нь гээд Тавантолгойтой холбоотой төмөр замын дэд бүтцийн ажлыг урагшлуулах зөвлөмж гарсан. Энэ зөвлөмж бол хоёр жилийн өмнө гарсан.
ҮАБЗ-ийн ажлын албатай хамгийн ойрхон ажилладаг хүн бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байдаг. Харин ЗГХЭГ нь ҮАБЗ-ийн хуралд тухай бүр суудаггүй.
Үүнийг боловсруулах ажилд оролцсон, тэр хуралд суусан хүмүүс. З.Энхболдыг Тамгын газрын дарга байснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд үнэхээр буруу гэж бодсон бол тэр үед нь засахгүй яасан юм бэ?
Зүүн Буянгийн төмөр зам гээд шулуухан хэлэхэд Ерөнхийлөгчийн институц энэ дээр улс төрийн манлайлал үзүүлж, томоохон бүтээн байгуулалтын ажлууд явж байгаа. Үүний санхүүжилт дээр яригдсан олон арга хэмжээнүүдийн нэг нь З.Энхболдын яриад байгаа зүйл байсан.
Гэхдээ үүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарч, засгийн газарт ирсэн. Засгийн газар үүнийг хэрэгжүүлээгүй. Үндсэндээ судалгааны төвшинд явж байгаа асуудал.
Туйлын болгоомжтой хандах гэдэг асуудал дээр миний хувьд удаа дараа байр сууриа илэрхийлж байсныг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлүүдээс авч үзэж болно.
Ардчилсан намын увайгүй улс төр олон давтагдаж байгаа учраас Засгийн газар үүнд болгоомжтой хандаж байсан. Өнөөдөр энэ яг нотлогдож байгаа.
Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад олон улсын түвшинд IPO буюу хөрөнгийн бирж дээр нээлттэй гаргах асуудал дээр судалгааны ажлууд хийгдээд явж байгаа. Энэ зөв арга мөн үү мөн. Энэ улс төрийн байдлаар цаашаа явахгүй нь тодорхой болж байгаа юм.
Энэ зөвлөмж ил болсны дараа Засгийн газар хуралдаад шаардлагатай бол тухайн Ерөнхий сайд татгалзан гарах асуудал хөндөгдөнө гэсэн үг. Үүнийг дагаад дэд бүтцийн ажлууд зогсох эрсдэл үүсэж болзошгүй гэдгийг миний хувьд анхааруулах нь зөв байх” хэмээв.
Н.БАТАА