Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийллж ЕБС-ийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байхаар БСШУСЯ-наас шийдвэрлэжээ.
Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад
“ЕБС-ийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байх чиглэл барьж байна. Шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлсэн. Сурагчийн жилийн эцсийн үнэлгээг явцын дүн болон дөрөвдүгээр улирлын хичээлийн үнэлгээгээр тооцно.
Элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд “Зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байна. Шалгалтыг өмнөх жилтэй нэгэн адил шууд засалтын технологиор явуулна. Бүх шалгалт дууссаны дараа буюу 12-нд бүх хичээлийн дүн, хэмжээст оноо гарна. Сурагчид дүнгээ хүлээж, хугацаа алдахгүйгээр сургуульдаа элсээд явах боломжтой.
ЭЕШ өгөх сурагчдад зориулсан гурван долоо хоногийн теле хичээл 2020 оны гуравдугаар сарын 9-нд эхэлнэ. Сурагчид өмнөх жилүүдийн жишиг даалгаврыг www.eec.mn сайтаас татаж авах боломжтой. Теле хичээл дотор санаа авах зүйлс олон бий. Таслахгүй үзэхийг зөвлөж байна” гэлээ.