Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр 2020 оны эхний хоёр сарын гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг хүргэлээ.
Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний хоёр сарын байдлаар 6745 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 691 хэрэг буюу 9.3 хувиар буурсан байна.
Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 4405 буюу 65.3 хувь нь нийслэлд бүртгэгдсэн, 14.7 хувиар буурч, 2335 буюу 34.6 хувь нь орон нутагт үйлдэгдэж, 4.1 хувиар өссөн бөгөөд нийт хэргийн 81.3 хувийг хөнгөн, 18.7 хувийг хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байна.
Гэмт хэргийн улмаас 6517 иргэн, 22 хуулийн этгээдийн эрх зөрчигдөж, 291 хүн нас барж, 1529 хүн гэмтэж, 34.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүний тоо 57 буюу 16.4 хувиар буурч, гэмтсэн хүний тоо 36 буюу 2.4 хувиар өсч, эдийн хохирлын 2.6 тэрбум төгрөг буюу 7.8 хувийг нөхөн төлүүлж, 422.5 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.
Гэмт хэрэг үйлдсэн 1734 хүний 925 буюу 53.3 хувь нь ажилгүй, 58 буюу 3.3 хувь нь төрийн албан хаагч, 1092 буюу 63.0 хувь нь 18-35 насны залуучууд, 212 буюу 12.2 хувийг эмэгтэй хүн эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 53 буюу 33.3 хувиар өсч, 76 буюу 4.4 хувийг хүүхэд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 27 буюу 26.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Зөрчлийн тухайд, эхний хоёр сард нийт 383,226 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 25.1 хувиар, үүнээс 381.391 зөрчлийг шалгаж, шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 77.249 буюу 25.4 хувиар өсөж, зөрчил гаргасан 347.163 иргэн, 28.755 хуулийн этгээдэд 9.7 тэрбум төгрөгөөр торгох, 2173 хүнд баривчлах, 3300 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулсан ба 17430 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11.9 хувиар буурчээ.
Өнгөрөгч сар шинийн баярын өдрүүдийн тухайд, хоёрдугаар сарын 23-27-ны мөн өдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй 186, зөрчлийн шинжтэй 5649, нийт 5835 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан байна.
Баяр, амралтын өдрүүдэд хүний амь насыг хохироосон 4, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 32, хүчингийн 5, хулгайн 53, дээрэмдэх 2, залилах 1, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 14 гэмт хэрэг бүртгэгдэж, золгүй байдлаар улсын хэмжээнд нийт 16 хүн нас баржээ.