Аргентины хүний эрхийг хамгаалагч Адольфо Перес Эскивель Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралесыг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүллээ. “Миний хувьд найз Эво Моралес Аймыг 2020 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж байгаагаа та бүхэнд зарлах нь их нэр төрийн хэрэг юм” хэмээн Twitter хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Эскивель өөрөө 1980 онд энэ шагналыг хүртэж байсан юм.
Моралес улс орныхоо ядуурал, боловсролгүй байдал, ажилгүйдлийн түвшнийг бууруулсан гэж тэрбээр тэмдэглэж байв. Түүнчлэн Боливт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудалд ахиц гаргаж, Моралесын ачаар эмэгтэйчүүд төр засгийн эрхэнд тэгш гардаг болсон, хүүхдийн хөдөлмөр багассан, тэтгэвэр тогтворжсон, эрүүл мэндийг сахин хамгаалж чаддаг болсон гэжээ.
Моралесын хувьд улсад нь эсэргүүцлийн томоохон арга хэмжээ дэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас 11 дүгээр сарын 10-нд төрийн тэргүүний суудлаа өгч байгаагаа зарласан юм. Үүнээс хойш тэрбээр Боливоос явж, энэ улсын төрийн тэргүүний эрхийг сенатор Жанин Аньес түр барьж байгаа юм.
Боливын Ерөнхийлөгчийн шинэ сонгууль 2020 оны 05 дугаар сарын 03-нд болно. Энэ сонгуульд Моралесыг оролцохыг хоригложээ.