Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ:
“ДЭМБ-ын зөвлөх баг ХӨСҮТ, Хоёрдугаар төв эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж арга зүйн зөвлөгөө болон мэдээлэл тогтмол өгч байна.
Мөн ОХУ-аас туршлага солилцох, түргэвчилсэн оношлуур, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх хүсэлт тавих багийг тус улс руу явуулахаар бэлдэж байна. Тус багийг Эрүүл мэндийн дэд сайд ахалж явна.
Жирэмсэн болоод 0-5 насны хүүхэдтэй эх, тогтмол эм хэрэглэдэг иргэдийн тоог гаргаж, тэдэнд чиглэсэн зөвлөмжийг тусгайлан бэлтгэж байна.
Маргааш ДЭМБ-аас ирүүлэх ачааг хүлээн авна. Нэгдүгээр сарын 9-нөөс 840 тохиодлыг ажиглалтад авснаас одоогийн байдлаар 461 хүн ажиглалтад байна.
Өчигдөр буюу /2020-03-03/ Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн гурван иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан” гэж мэдээллээ.