ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр НПГ-аас Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг, тус яам болон сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн өмнө нь дээрх шүүхэд хүргүүлсэн юм. Түүний дараа УИХ-ын гишүүнээс бусад зургаан холбогдогч, тэдний өмгөөлөгч нартай тохиролцон торгуулийн ял шийтгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн байна. Харин энэ удаа УИХ-ын гишүүн Б.Батзоригт хоёр дахь удаагаа яллах дүгнэлт үйлдэн, хоёрдугаар сарын 28-нд тус шүүхэд шилжүүлжээ. Ингэхдээ яллагдагч болон түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр прокурор нь Б.Батзоригт оноох хорих ялыг нь тохиролцон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналаа шүүхэд гаргасан гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр ЖДҮХС-д учруулсан хохирлыг нь бүрэн төлүүлэхээс гадна ногдуулах байсан хорих ял онооно, гэхдээ хугацааг нь багасгах талаар тохиролцсон бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хүсэлтийг эцэслэн шийдвэрлэх аж.
Б.Батзоригийг сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлж, дээрх сангаас хөнгөлөлттэй зээл олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийнхөө гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд 700 саяас тэрбум гаруй төгрөг ЖДҮХС-гаас маш бага хувийн хүүтэй шилжүүлсэн хэмээн буруутгасныг уншигчид санаж буй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард явуулсан энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дээрх долоон хүний өмгөөлөгч нар уг хэлэлцүүлгийг хийлгэхээс татгалзаж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байдаг. Гэвч уг хэргийг хянасан шүүгч Э.Чингис хүсэлтийг тухайн үед хүлээж аваагүй билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Б.Батзоригт холбогдох хэргийг шийдвэрлэснээр УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас зээл авч зориулалтын бус зүйлд зарцуулсан хэргийг эцэслэх боломж бүрдэх бололтой.