УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор нийгэмд үүсч буй хүндрэл, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, өөрийн цахим хуудастаа байрлуулсныг хүргэж байна.
Шинэ коронавирус COVID-19 халдвар бөмбөрцгийн улс орнуудыг том, бага хэмээн ялгахгүй сорьж эхэллээ. Аймшигт өвчний уршигаар улс орнуудын эдийн засгийг тэтгэгч бүхий л салбарууд царцанги байдалд орж, бөмбөрцгийн гүүр болсон улс хоорондын агаарын тээвэр, төмөр зам, усан замын тээвэр олон оронд хөдөлгөөнөө хориод байна.
Дэлхийн улс орнууд өмнө нь тулгарч байгаагүй эдийн засгийн томоохон эрсдэлтэй нүүр тулж буйгаа ээлж дараалан хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсыг ДЭМБ болон олон улсын донор байгууллагууд халдвар тархах эрсдэлтэй бүс хэмээн анхааруулж буй.
Хэдий тийм ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй зоригтой, шийдэмгий шийдвэрүүдийг гаргаж, БНХАУ-тай хил залгаа хилийн боомт, төмөр замын болон агаарын хилийг хааж, Үндэсний баяр Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр тусгайлсан хориг тавьж, хүүхэд, томчууд олноор цугладаг тоглоомын газар, нийтийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоож, халдварт өвчин тархах боломжийг хааж, ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалж, түгшүүртэй цаг үеийг хохирол багатай даван туулах гарцыг эрэлхийлэн, амжилттай ажиллаж байна.
Өдөр бүр авч байгаа гадаад мэдээ, халдвар тархсан улс орнуудын хүн амын дунд үүсч буй хүндрэлтэй харьцуулахад Монголчууд цаг үедээ маш хурдан дасан зохицож байна. Төрөөс, Засгийн газраас гарч байгаа шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, даган мөрдөж байгаа. Эндээс зовлон бэрхшээлийг сөрөн зогсох, монгол хүний уужим ухаан, зовсон үедээ нэгдэж чаддаг эх оронч, гайхамшигтай зан чанар тод мэдрэгдэх нь юутай ч зүйрлэмгүй сайхан энерги түгээж эхэллээ.
COVID-19 халдвар Монгол Улсын эдийн засагт ч сүүдрээ тусгаж байгаа. Үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсооно гэдэг бол тэнд ажиллаж байгаа олон мянган ажилчдын орлого тасалдана гэсэн үг. Монголчуудын маань дийлэнх нь банк, санхүүгийн байгууллагаас ямар нэгэн байдлаар зээл авсан байдаг. Энэ бол миний гол санаа зовж байгаа зүйлийн нэг.
Мөн өсч өндийж байгаа олон жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган иргэд түрээсийн байранд амьдарч байгаа. Энэ цаг үе банк санхүүгийн салбар, байр түрээслэгчид, хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг бизнесийнхний эх оронч сэтгэл, хүн чанарыг хатуухан сорих гэж байна.
Энд дан ганц төрийн шийдвэр, Засгийн газрын шийдвэрийг хүлээх биш, банк, санхүүгийн байгууллага, бизнесмэнүүд, түрээслэгчдийн зээлийн хүү бууруулж, түрээсийн үнийг багасгах санхүүгийн уян хатан бодлого, бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй байх бие даасан эх оронч санаачилга, алсыг харсан, ард олноо бодсон ухаалаг шийдвэр дутагдаж байна гэдгийг шууд хэлье!
Зээлийн эргэн төлөлтөд харилцагчийн хариуцлагагүй байдал биш дэлхий нийтийг нөмөрсөн “тахал өвчин”-ий гамшиг нөлөөлнө гэдгийг арилжааны банкуудын эрсдлийн баг өдийд тооцоолсон байх учиртай.
Жилийн 16-17 хувийн хүүтэй зээл олгодог арилжааны банк, 30-35 хувийн хүүтэй үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа энэ хүндрэл бэрхшээлийг ойлгон, харилцагч иргэн, байгууллагуудын зээлийг хөнгөлөх, тодорхой хугацаагаар хойшлуулах гэх мэт ухаалаг зохицуулалтыг яаралтай хийж эхлүүлэх байх гэж харж байна.
Бөмбөрцөг коронавирусын өмнө хүчин мөхөсдөж байгаа мэдээг бид өдөр алгасахгүй интернэтээр хүлээн авч байна. Эдийн засгийн өсөлт нь буурсан БНХАУ жижиг, дунд бизнес эрхлэгч болон иргэдийн зээлийн хүүг бууруулах, зээлээ эргэн төлөх хугацааг хойшлууллаа.
БНСУ-ын нийслэл Сөүл хот өөрийн эзэмшлийн нийтийн дэлгүүрүүдийн түрээсийг зургаан сарын хугацаанд 50 хувиар бууруулах шийдвэр гаргалаа. Японы Засгийн газар коронавирусыг эмчлэх, халдварыг тогтоох оношлуурыг хөгжүүлэхэд 10.3 тэрбум иен, АНУ эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны төсвийг 1.8 тэрбум ам.доллараар нэмж зузаатгаж байна.
Монгол хүн бүрийн нуруун дээр улс орны эдийн засаг оршин тогтнож байдаг. Өнөөдөр бол дан ганц хувиа хичээх биш, дэм дэмэндээ эв, эетэй урагшлах цаг тулсан байна. Ийм хүнд цаг үед банкны эзэн, санхүүгийн байгууллагын захирал, бизнесмэн, түрээслүүлэгчдийг иргэдээ, улс орноо бодсон ухаалаг шийдвэр гаргана гэдэгт эх орон, элэгт нэгт монголчууд итгэж, найдан хүлээж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
8 comments
Чи өөрөө УОК-т юу хандивласан юм бээ , чоно борооноор гэгчээр сонгуулын PR хийхээ болино уу .
банк бусын эзэд боож үхэх нь ээ
Yum buhen deer l dali2 ged bh bolj Ene jijighen Uls turch
.
erhem toriin tushed nar miner ta nsr duusahgui ikh mongotei shuu dee! ta nar hanilsv igxh uzerch dee
Танд амжилт хүсье
Зээлийн хүүг тэглэх ёстой санал нийлж байна
Neg ih virustej poprood yu bolchoo ve.Hulgailsan yumaa ard tumendee handiv bolgochih..
Zov zeeliin xvvg buruulah shaardlagatai