Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ээс өгсөн мэдээллээр бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байгаа юм байна. Өчигдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 5 хүн ирснийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бол Орхон аймагт нэг хүнийг тусгаарлаад байгаа юм байна.
ХӨСҮТ-д хоёрдугаар сарын 23-ны өдрийн тусгаарлагдсан 8 хүнээс Коронавирусын буюу COVID-19 халдварын тохиолдол илрээгүй гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү цааш хэлэхдээ “Улс орнуудад коронавирусын халдвар хурдан тархаж байна. Бусад улс орнууд голомтыг хязгаарлахаар ажиллаж байна. Монгол Улсын хувьд орж ирээгүй. Тиймээс хүн бүр сэрэмжтэй байж, улс орноо гэр бүл өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна. Голомтыг хязгаарлах арга хэмжээ авбал эдийн засаг, хүн хүч их хэрэг болно. Тиймээс анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй байна” хэмээн анхаарууллаа.
Н.БАТАА