Онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 23-27-ныг дуустал улс, хот хоорондын авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар болсон. Битүүний өдрөөс Шинийн 3-ныг дуустал үргэлжлэх энэ шийдвэртэй холбогдуулан Улаанбаатар хотыг тойрсон хяналтын найман постыг 14 болгон өргөжүүлж байгаа юм байна.
Улаанбаатар хотод нэвтэрч болох бүх зам дээр пост ажиллуулах шийдвэрийг гаргасан Нийслэлийн онцгой байдлын комисс авто машины хөдөлгөөний хязгаарлалт зогсох Шинийн 4 буюу хоёрдугаар сарын 27-ны өглөө постууд дээр Эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг ажиллуулж, үүгээр нэвтэрч нийслэл хот руу орж ирж байгаа бүх тээврийн хэрэгслийг шалган, тээврийн хэрэгслийн дугаар, тухайн машинд зорчиж буй иргэдийн мэдээлэл, аялалын чиглэл, хаанаас гарч, хаагуур дайрч, хэд хоноод ирж байгаа гэх мэт бүх мэдээллийг бүртгэлжүүлэн, цахим санд оруулах юм байна.
Ингэснээр хорио цээрийн дэглэмийг олон улсын хэмжээнд явуулж, тандалт судалгааг нарийвчлан гаргаж, халдвар бүртгэгдсэн тохиолдолд нэгдүгээр болон хоёрдугаар хавьтагчдын хялбархан тогтоох боломж бүрдэнэ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлжээ.