Венесуэлийн Засгийн газар улс орныхоо эдийн засагт тогтоосон онц байдлын дэглэмийг дахин хоёр сараар сунгахаар боллоо. Тавдугаар сарын 13-наас эхэлсэн энэхүү дэглэмд тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро гарын үсэг зурсан байна. Венесуэль улсын эдийн засаг дахь онц байдлын дэглэм өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн үргэлжилж буй юм. Тус улсын төрийн тэргүүний зарлигт тэмдэглэснээр долоо дахь удаагаа сунгаж буй энэхүү дэглэм нь “нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт онц нөхцөл байдал үүсээд буйтай холбоотой” гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн Үндэсний хуралдааны танилцуулсан хэрэглэгчийн үнийн индексийн тухай баримтад өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын инфляци 16.5 хувьд хүрч, он гарснаас хойш хэрэглээний үнэ 92.8 хувиар өсчээ. Үүнээс өмнөхөн Олон улсын валютын сан “World Economic Outlook”-ийн сүүлчийн тайландаа Венесуэлийн инфляцийг 2017 онд 720 хувьд хүрч, цаашид энэ чиг хандлага нь үргэлжилсээр 2018 онд 2000 хувиас давна гэж тооцоолжээ.
Венесуэлийн парламент өнгөрсөн гуравдугаар сард улс орондоо хүмүүнлэгийн хямрал нүүрлэснийг зарлаж, хүнсний бүтээгдэхүүний хангамжийн асуудлыг судлах комисс байгуулах шийдвэр гаргасан. Парламентын дарга Хулио Борхес хүмүүнлэгийн салбарт онц байдал зарлахыг Засгийн газартаа уриалаад, гадаадын улс орнууд ядуурал, өлсгөлөнтэй тэмцэхэд нь туслах хүмүүнлэгийн тусгай суваг байгуулахыг шаардсан байна.
Венесуэль улсад эдин засгийн хямралаас гадна улс төрийн хурц хямрал нүүрлээд байгаа билээ. Нэг жилийн өмнө тус улсад сөрөг хүчний Үндэсний хуралдаан ажиллаж эхэлсэн ч хууль батлах, хэрэгжүүлэх шатны байгууллагуудын дунд харилцан ойлголцож чадахгүй хэвээр байгаа аж. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн засгийн эсрэг жагсаал цуглаан өрнөж, цагдаагийнхан, жагсагчдын дунд байнгын мөргөлдөөн үүссэнээс болж 40 гаруй хүн амиа алджээ.
Э.ЗАЯА