Дональд Трампын явуулж буй бодлогыг эсэргүүцдэг Америкийн эсэргүүцлийн бүлгүүд түших хүнээ олж авчээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Хиллари Клинтон “Хамтдаа урагшаа” улс төрийн хөдөлгөөн байгуулж байгаагаа зарласан байна. Тэрбээр гараагаа эхлүүлж буй улстөрчид, идэвхтнүүдэд туслахын зэрэгцээ тэдэнтэй хамт гэрэлт ирээдүйг цогцлоох гэнэ. Түүний хувьд улс төрөөс амархан гарах бодолгүй байгаа бололтой. Тийм ч учраас “Хамтдаа илүү хүчирхэг” хэмээх сонгуулийн урианаасаа тасдаж аваад, ийм нэртэй хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.
Өнгөрсний тухай мөрөөдөл
Тус хөдөлгөөн өөрийн гэсэн сайттай болсон бөгөөд түүндээ зорилго, зорилтоо тодорхойлжээ. Тухайлбал, “Хамтдаа урагшаа”-гийнхан дараа үеийнхнийхээ ирээдүйн амьдралд анхаарч, өсөлт дэвшилттэй үнэ зүйлсийг бий болгохоор зорьж байна. Үүнээс гадна Клинтоныг Ерөнхийлөгчийн сонгуулиар 66 сая орчим хүний саналыг авсныг орхилгүй тэмдэглэжээ. Сайтад мөн “Хандив” гэсэн хэсэг бий бөгөөд хүссэн бүр бүр тус байгууллагаас таваас дээш ам.доллар өгөх боломжтой юм байна.
Санаа нэгтнүүдээ дэмжинэ
Клинтон “Twitter”хуудсаараа хөдөлгөөнөө ямар байгууллагатай хамтран ажиллах тухай зарлажээ. Тэдгээрийн дотор арьс өнгөний тэгш байдлын төлөө тэмцэгч “Color of Change”, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжигч “Emerge America”, залуу улстөрчдийг дэмжигч “Run for Something”, эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг “Indivisible” групп багтсан байна. Клинтоны хөдөлгөөн ТББ-ын эрхийн дагуу үйл ажиллагаа явуулдаг болохоор хувь хүний нэрийг зарлалгүйгээр хөрөнгө оруулалт татах боломжтой аж.
Үнэнч хамтрагчид
“Хамтдаа урагшаа” хөдөлгөөний оффист Клинтоны сонгуулийн кампанит ажилд оролцож байсан, эсвэл түүнтэй өмнө нь ажиллаж байсан үнэнч хамтрагчид нь ажиллах юм байна. Тэгэхээр Ардчилсан намын Үндэсний хорооны дарга асан Ховард Дин, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч асан Жудит Маккейн, сонгуулийн кампанит ажлын санхүүгийн захирал Деннис Ченг болон улс төрийн ахлах зөвлөх Миньон Мур нар орж байгаа аж.
Оролдлого №3
Хилларигийн туслах, зөвлөхүүдийн хэлж буйгаар тэрбээр Ерөнхийлөгчид дахин нэрээ дэвшүүлэх бодолгүй байгаа гэнэ. Гэхдээ тэр энэ ажлаас холдохыг бас хүсэхгүй байгаа бололтой. Харин Бүгд найрамдах намынхан экс Төрийн нарийн бичгийн даргын эхлүүлсэн ажлыг бүхнийг дахиад эхлэх гэсэн оролдлого, өөрийнх нь брэнд гэж нэрлэжээ. “Хэрвээ та эхний удаад амжилтад хүрээгүй бол брэндээ шинээр хэрэглэх арга олох юм аа” гэж бүгд найрамдахчууд “Twitter”-тээ жиргэжээ.
Э.МӨНХЗАЯА
1 comment
балай авгай