-Хэт даврагсдын азгүйтэл илүү хүчирхэг алан хядах байгууллага байгуулахад хүргэж болзошгүй-
“Исламын улс” бүлэглэл эцсийн өдрөө хүлээж байна гэж хэлэхэд эрт байна. Гэхдээ л тус алан хядах бүлэглэл энэ онд тун бүтэл муутай байгаа юм. Жихадуу нэгээс нөгөө хотоо алдаж, санхүүгийн байдал нь муудаж, босогчид нь өөрсдийгөө зарласан халифатын армийн эгнээнээс гарцгааж байна.
Тэгвэл бараг мартагдах дөхсөн “Аль-Кайда” ч сайнгүй байгаа аж. 10-аадхан жилийн өмнө манай гарагийн хамгийн том алан хядах байгууллага байсан тус бүлэглэл Афганистан, Пакистан гэсэн уламжлалд хоёр газартаа л нөлөө нь тогтмол уруудсаар байгаа юм. Өдгөө “Аль-Кайда” хэмээх нэрийг Йемен, Арабын хойгийн өмнөд хэсэгт болж буй үйл явдлуудтай холбоотой мэдээнүүд дээрээс л ганц нэг удаа дурдагдсаныг харж болно. Энд “Арабын хойг дахь Аль-Кайда” салбар нь нэр хүнд өндөр, хүчирхэг хэвээр байна.
Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд алан хядагчдыг тооцооноос хасч, тэднийг түрүүлж булшлахад эртэднэ гэж үзэж байна. Нэгдүгээрт, буланд шахсан араатан гэнэт л онцтой аюултай болдог тохиолдол бий. Хоёрдугаарт, хэт даврагсад үзэл бодол нийлдэггүй ч нэгдэх боломжтой.
Иракийн дэд ерөнхийлөгч Аяд Аллави дөрөвдүгээр сарын дундуур мэдэгдэхдээ “Исламын улс”, “Аль-Кайда”-гийн тэргүүнүүд болох Абу Бакром аль-Багдади, Айман аль-Завахири нарын дунд нэгдэж болох асуудлаар уулзалт болсон гэнэ. Энэ талаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээрМосква дахь аюулгүй байдлын бага хурал дээр Холбооны аюулгүйн албаны тэргүүн Александр Бортников ч мэдэгдэж байсан аж.
“Исламын улс”, “Аль-Кайда” хоёр нэгдэх боломж бүрэн бий гэж “National Interest” сэтгүүлийнхэн үзжээ. Учир нь дайчдын үзэл суртлын хувьд нэгдэх нь тэдний санал зөрөлдөхөөс ч чухал асуудал. Тэдний хувьд аль аль нь радикал суннитууд. Аль аль нь холоос барууныхантай, ойроос үнэнч итгэлээ худалдсан лалын дэглэмтэй дайтдаг. Бас хоёулаа жихадын төлөө тэмцэж, дэлхий дахин оршин тогтнож буй эмх замбараатай байдлыг үгүйсгэдэг. Харин зөрчил маргааны хувьд хэн нь тэргүүлэх вэ гэдэг л асуудал үлдээд байгаа аж. Тэд хамтран хэлэлцээ хийснээр энэ асуудлыг амархан шийдвэрлэж чадна. Энэ зөрчилдөөн аль-Багдади, эсвэл аль-Завахири нарын аль нэг нь нас барсан тохиолдолд бүрэн арилж үгүй болох юм.