Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбооны төлөөлөл болох барилгын цэрэг, цахилгаан инженерлэл, спортын салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Д.Түмэн, Д.Сэдбазар, З.Ойдов нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн баатруудын зүгээс Улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд өндөр амжилт гарган ажиллаж, төр түмэндээ үлгэр дуурайлал болсон баатруудын ажил амьдралын баялаг туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор оюутан залуус, олон нийтэд хандсан зөвлөх, сургах үйлчилгээ бүхий сургалтын төслийг хэрэгжүүлэх саналтай байгаагаа Хотын даргад илэрхийллээ.
Хотын дарга С.Амарсайхан “Улс эх орны хөгжил дэвшилд оюун санаа, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээрээ үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан, шалгарсан манлайлагчид болох Хөдөлмөрийн баатрууд та бүхэнтэйгээ уулзаж байгаагаа баяртай байна. Та бүхний гаргаж байгаа санал санаачлага, зөвлөмж зөвлөгөөг залуу хойч үеийнхэн бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Тиймээс та бүхний гаргасан санаачлагыг гаргаж байгаад талархал илэрхийлье. Та бүхний гаргасан санаачлагыг Хотын удирдлагуудын зүгээс боломжтой бүхий л хэлбэрээр дэмжин ажиллах болно. Хэдийгээр та бүхний ажиллаж хөдөлмөрлөж байсан цаг үеийг одоогийнхтой харьцуулахад мэдээлэл технологийн хөгжил дэвшлийн хувьд ялгаатай ч бидэнд дутагдаж байгаа зүйл олон байна. Ялангуяа хөдөлмөрийн үнэ цэнийг залууст хүргэх, хүн хөдөлмөрлөж зүтгэж байж сайхан амьдардаг, улс орон хөгждөг гэдгийг ойлгох асуудал чухал юм. Монгол түмний соёл уламжлал, үнэт зүйлс, өвөг дээдэс ах захаа хүндлэх зэрэг асуудлын хүрээнд орхигдсон суларсан олон жишээг та бүхнийхээ дэмжлэгтэйгээр залуу үеийнхэнд сэргээн ухамсарлуулах, таниулах шаардлага байна. Мэргэжил, гадаад хэл, техник технологитай харилцах тал дээр залууст олон давуу тал байгаа боловч ёс зүй, үнэт зүйл, сахилга бат, хөдөлмөрт хандах хандлагыг дээшлүүлэх тал дээр анхаарах зүйл байгаа. Бүх зүйлийг төр засгаас хариуцах ёстой мэтээр харж, эрхээ мэддэг атлаа үүргээ тэр бүр ухамсарлахгүй байгаа явдал иргэдийн дунд цөөнгүй бий. Саяхан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар сургууль цэцэрлэгийн сурагчдын хичээлийн цагийн өмнөхөн хотын соёл, зөв дадал зуршлын тухай мэдээллийг багш нарын тусламжтайгаар өгдөг байхаар бэлтгээд байна. Хүн болох багаасаа гэдэг учраас хүүхэд багачуудыг өсөж тониж байгаа цаг үеэс зөв хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхийг зорьсон шийдвэрийг гаргасан. Бидний хэрэгжүүлэхээр зорьж байга азорилго, та бүхний санал санаачлага сайхан нийцэж байгаа учраас та бүхэнтэй хамтран ажиллах боломжтойг дурьдахад таатай байна” хэмээлээ.
Хөдөлмөрийн баатруудын зүгээс “Хотын дарга бидний хэдэн ахмадуудыг хүлээн авч уулзаж, урмын сайхан үг хэлж, зорьсон ажлыг маань дэмжихээ илэрхийлсэнд бид талархалтай байна. Таны ярьж хэлж байгаачлан хүүхэд залуусын нас биений онцлогт тохирсон хөдөлмөрийн үнэ цэнэ, амьдрах арга ухаан, харилцааны соёл, эелдэг найрсаг харилцааны тухай мэдээллийг их дээд сургууль, коллежуудад сургалт, яриа таниулга хэлбэрээр зохион байгуулах төслийг бид боловсруулсан. Хөдөлмөрийн баатруудын холбооны төслийг танд гардуулан өгч, хамтран ажиллах болсондоо талархаж байна” гэв.
Уулзалт ярианы төгсгөлд Хөдөлмөрийн баатрууд, Хотын дарга С.Амарсайхантай улс төр нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, олныг хамарсан аюулт өвчний талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцон, халуун дотно яриа өрнүүллээ. Хөдөлмөрийн баатрууд засаг төрөөс олон нийтийг хамарсан халдварт өвчин гарч болзошгүй байгаатай холбогдуулан сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх шийдвэр гаргасныг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, өвчин тахалгүй эрүүл саруул байвал хэдийд ч сар шинээ тэмдэглэж, золголтоо хийж болно гэдгээ хэлж байлаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс