Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд хурал номоо үргэлжлүүлэн хурах бөгөөд аль болох олон хүн цуглуулахгүйгээр өөрсдийнхөө ажлыг хийх гэнэ. Харин Сүсэгтэн олондоо “Засал номыг ханиад томуу өнгөрсөний дараа хийлгэх боломжтой гэдгийг” хэлж сануулж байгаа юм байна.
МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц “XVII дугаар жарны Төмөр хулгана жил гарч байна. Хулгана жил гарахад Монголын ард түмэн бэлэгшээдэг. Хулаган жилийг хувьтай хүн үзнэ гэсэн үг бий.
Бурханы философийн үүднээс авч үзвэл цаг хугацааны л үргэлжлэл юм. Урьд нь ямар жамаар, ямар амжилт гаргаж явсны үргэлжлэл юм. Жаргалтай, сайхан амьдралын суурь шалтгаанаа тавьж чадсан бол олон жил дажгүй байна гэж бодох хэрэгтэй. Шашин номын талаас сүсэг бишрэлтэй хүмүүс олон бий. Иймд үүнийг тооцож, харгалзаж үзэх ёстой билээ.
Энэ ёсоор манайхан зурхайг хэрэглэж, он тооллоо тооцоолж, өдөр гаригаа тодорхойлдог уламжлал ч байдаг. Цагаан сарын баяраар хуучин жилийнхээ хамгийн сүүлчийн өдрийг буюу битүүний өдрийг сайхан тэмдэглэж, идээ будаагаа засаж, урьд хань нөхөд, найз нөхдөө урьж ёсолдог. Энэ өдөр бол 365 хоногийн хамгийн сүүлийн өдөр учраас бид өнгөрсөнд ямар байснаа дүгнэдэг цаг. Эв нэгдлээ илэрхийлж, хөөрөг зөрүүлдэг.
Жилийн эхний өдрийг элбэг дэлбэг хангалуун тэмдэглэх нь тэр жилдээ энэ байдлаа алдахгүй байх санааг агуулдаг.
Монголчуудын олон жилийн турш шүтэж ирсэн бурханы шашин бол бие биенээ хайрладаг энэрдэг, нигүүсэлдэг, бие биенийгээ ойлгодог, харьцаа сайхан байх бол жаргалтай амьдралын эх үүсвэр мөн гэж үздэг. Тиймээс гэр бүл дотор байгаа хүмүүс бие биенийгээ хайрлаж, ойлгож, нигүүлсэж чадах юм бол гэр дотор эв зохцол явагддаг, үр хүүхэд жаргалтай байдаг.
Хэрүүл тэмцэл, атаа жөтөөнөөс болж хамгийн муухай зүйл гэр оронд, улс оронд, албан байгууллагуудад үүсдэг. Энэ муу сэтгэл үүсээд, бие биендээ хор хор гүйлгээд эв түнжингүй, шунал, уур омог дэлгэрээд ирэхээр гэр дотор тайван сайхан сууна гэж хэзээ ч байхгүй.
Тиймээс Цагаан сарын бэлэгдэлтэй сайхан өдрийн бие биетэйгээ эвтэй байгаа, элбэг хангалуун байгаа маань 365 хоногтоо үргэлжлээсэй гэсэн бэлэгдэл.
Энэ жил Хятад улсад сүрхий ханиад томуу гарч, дэлхий даяар тархсан байна. Үүнийг 700 жилийн өмнө судар дээр сарьсан багваахайны зургийг тавиад “Ирээдүйд цаг цөвтөхийн цагт сарьсан багваахайнаас үүссэн их хижиг өвчин гарч амьтан хүнийг зүдрээнэ гэсэн судар фэйсбүүк дээр тавьсан байгаа түүнийг үзээрэй.
Түүний арга чаргыг хэрхэн хийх, ямар уншлага унших, ямар үрэл, ямар эм уух вэ гэдэг заавар байдаг. Богд нарын лүндэн, ихэс дээдэс, хувилгаадын ирээдүйг үзүүлсэн бошгит маш нарийн тэмдэглэсэн. Богдын лүндэнгийн талаар маш сайн талбарласан бүтээл бий” гэлээ.
Мөн энэ үеэр Засаг төрөөс их арга хэмжээ авч, анхаарч байна. Зөв арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Нийтээрээ хүлээн авч дагаж мөрдөх ёстой. Зөв зүйлийг бид алгаа хамтатгаад хүлээн авдаг байх ёстой. Гандантэгчэнлин хийдэд хурдаг лам нарын хувьд сүсэгтэн олноо элдэв гай барцдаас гэтэлгэх засал номыг байнга унших нь ажил нь учраас хурал номоо хурна. Гэхдээ олон нийтийг цуглуулахгүй байх тал дээр өөрсдийн хэмжээнд арга хэмжээ авч, аль болох олноороо ирэхгүй байх талаар хэлж, ярьж байгаа.
Аливаа алдаа хувиа бодсоноос болдог. Бусдыгаа бодоод өөрийгөө хичээх хэрэгтэй. Тэгвэл аюулаас аль болох холддог. Хувиа бодож, довоо шарлуулж болохгүй.
Бид 10 гаруй хоног ажиллаж байгаа. Сүсэгтэн олонд зориулаад амны хаалтыг олноор нь тавьсан, гадны урд талбай дээр ард түмэнд түгээх ажлыг хийж байгаа, ариутгалын бодисыг их хэмжээгээр авч олон газар тавьсан.
Гүрэн номоо уншина. Олон нийтийн төлөө уншлагаа унших нь бидний үүрэг. Хамгаалсан үрэл утлага хийх, тарни тоолох, сахиус бурханыг хийнэ. Тэрийг хийх нь бидний л ажил” гэсэн юм.
Н.БАТАА
1 comment
Зөв дэмжиж бна Хүн ардынхаа төлөө хурал номоо уншиж ажлаа хийж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй Сүжгээр эдгэж сэжигээр өвддөг юм Хүн бүр өөдрөг бодолтой сэтгэл ариун бол ямарч өвчин зовлон даьж гарах чадалтай Могол хүнийй гён бусдаас өөр шүүсийлэгмаа