Замын-Үүд боомттой хиллэдэг БНХАУ-ын Эрээн хотын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх штаб өнгөрсөн Бямба гаригт нэгдүгээр зэргийн хөл хорио тогтоосноо зарлаж, албан мэдэгдэл гаргажээ.
Эрээн хотын баримталж байгаа зарчимд
-Коронавирусний тархалт ихтэй газраас Эрээнхот руу ирэхийг төлөвлөж байгаа иргэд тархалт зогсохоос өмнө ирэхгүй байхыг сануулж байна. Үүнийг зөрчсөн иргэнийг албадан буцаах, эсвэл тусгаарлах газарт 14 хоног хөл хорионд байлгах бөгөөд гарах зардлыг тухайн иргэн өөрөө даана.
-Вирусний эрсдэл ихтэй газраас хэдийн ирсэн иргэд гэртээ 14 хоног байх бөгөөд дураараа гадагш гарч үл болно.
-Олон нийтийн аюулгүй байдлыг хангах товчоо иргэдэд энэхүү зарлан мэдээлэх хуудсыг WeChat болон бусад сувгаар шуурхай хүргэж мэдээлэх үүрэгтэй.
-Цагдаагийн газар, хороодын хариуцлагатай ажилчид нэгэнт Эрээн хотод ирсэн хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байхыг хянаж ажиллахыг үүрэгдэв” хэмээн дурдсан байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-д шинэ коронавирусний халдварын сэжигтэй 1533 иргэн эмнэлгийн хяналтад байна. Коронавирусээр өвчилсөн нь тогтоогдсон 54 тохиолдол бүртгэгджээ. Тэдний 11 нь Ордост, 10 нь Бугат хотод, 7 нь Хөххотод, 6 нь Баяннуурт, 5 нь Хөлөнбуйрт бүртгэгдсэн байна.
БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусний халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251 хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 хүн байна.