Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр Капитал банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Ардчилсан намын Дэд дарга Б.Дэлгэрмаа “Ардчилсан намын эрх бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна. Тодруулбал, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, тус газрын санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуунчимэг нарыг баривчилсан нь эрх баригчдын сонгууль угтсан улс төрийн акц хэмээн үзэж байна.
Тиймээс Ардчилсан намын удирдлагын зүгээс үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс хэвлэл, мэдээллийнхэнд хандаж байгаа юм. Орчин цагт ингэж хүнийг хэлмэгдүүлж болохгүй” гэлээ.
Х.Тэмүүжин “Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд Ардчилсан нам ямар нэгэн саад учруулахгүй. Харин эрх баригчид чиглэсэн зорилготойгоор хуулийн байгууллагыг гар хөлөө болгох замаар улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө харлуулах гэж байгаа бол Ардчилсан нам үүний эсрэг хатуу зогсоно” гэв.
МАН, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн банк гэгддэг “Капитал” банкыг татан буулгах шийдвэрийг Монголбанк 2019 онд гаргаж, тус банкыг дампууруулсан.
Дампуурсан Капитал банкинд төрийн 31 байгууллага, нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байснаас гадна Нийгмийн даатгалын сангийн 200 орчим тэрбум төгрөгийг 2017-2019 оны хооронд Засгийн газрын гишүүн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нарын “Зөвшөөрөл”-өөр Нийгмийн даатгалын ерөнхий газар тус банкинд хадгалуулж байгаад алдсан нь нэгэнт баримтаар тогтоогдсон.
Зураг дээр дарж томоор үзнэ үү.
Тодруулбал, 2017 оны наймдугаар сарын 31-ний өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сарын 04-ны өдөр 10 тэрбум төгрөгийг сайд асан Н.Номтойбаярын “зөвшөөрөл”-өөр, одоогийн сайд С.Чинзоригийн “зөвшөөрөл”-өөр 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сарын 24-ны 2,4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг тус тус Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршуулж алдсан байгаа юм.
Гэтэл Капитал банкны дампуурлаас болж нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байна.
Сайд асан Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын хийсэн үйлдлийг түүнээс өмнө ажиллаж байсан албан хаагч нарт зориуд санаатайгаар тохоон, яллаж байгааг эрх баригчдын улайрсан улс төрийн зорилго, захиалгыг гүйцэтгэж байгаа онц ноцтой гэмт хэрэг гэж Ардчилсан нам үзэж байна.
2013-2015 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банканд хадгуулсан гэрээ контракт нь 2017 онд дууссан бөгөөд гэрээний хугацаанд Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй, харин ч хүүгийн орлогоор нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн байдаг.
Тиймээс Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах, түүнээс уучлал гуйхыг эрх баригч МАН, тус намын дарга, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээс хариуцлагатайгаар шаардаж байна.
Эх сурвалж: Ардчилсан нам
2 comments
тэнэг гэхэд дэндүү тэнэг юм аа ,бүгд танай намын хүмүүс ш дээ,та нар л идсэн ш дээ
Чи харин оройгүй тэнэг үү.