“Интернэт хэл шинжлэл ба Монгол хэлний хэм хэмжээ” сэдвээр Доктор Д.Боролзой /2020.01.05/ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд лекц уншлаа. Мэдээллийн урсгал интернэт орчинд төвлөрч, нийгэмд тодорхой нөлөө үзүүлдэг бүлэг болоод буй. Гэвч нийгмийн сүлжээнд хэрэглэгдэж байгаа үгийн сонголт, дорд үг хэллэгүүд Монгол хэлний онцлог, соёл, хэм хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэл шинжлэлийн эрдэмтэд хөндөх болсон.
Доктор Д.Боролзой ч “Өнөө цагт хэл ярианы соёл тулгамдсан асуудал болсон. Цахим орчин дахь хэлний соёлын асуудлыг Монгол хэлний хэм хэмжээнээс ангид авч үзэх боломжгүй хэмээж байв.
Тэрбээр цахим орчны харилцааг Мэдээллийн сайт, Нийтийн сүлжээ гэж хоёр хувааж авч үзсэн байна. Мэдээллийн сайт бол сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулдаг албан ёсны харилцаа учраас Монгол хэлний найруулга зүйн эрхэмсэг буюу дээд найруулга болон едрийн буюу дунд найруулгын хэм хэмжээг мөрдөх ёстой ч, хангалтгүй байгааг хэлсэн юм.
Харин Нийтийн сүлжээ нь хүмүүсийн хувийн шинж чанартай харилцааны орон зай учраас бичгийн хэлний хэм хэмжээг төдийлөн мөрддөггүй, доод, найруулга, доромж буюу дорд найруулгыг голчлон хэрэглэж байгаа нь Монгол хэлний хэм хэмжээ алдагдаж, нийтийн сүлжээний хэлний хэрэглээний энэ бүдүүлэг байдал нь сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчдийн ур чадварт хортойгоор нөлөөлөн халдварлаж байгаа талаар дурдлаа.
Цахим орчинд зөв бичих дүрмийн алдаа яагаад их гардаг вэ?
Энэ нь:
1. Олон нийт хэлний боловсрол дульмаг
2. Техникийн шалтгаан / Жишээлбал, Сүсэг гэж үгийг бичихэд тухайн бичиж байгаа техник хэрэгсэл дээр “Ү” үсэг байхгүйгээс “У”-аар орлуулж “Сусэг” гэж бичих нь бий/
3. Ярианы хэлээр бичиж байгаатай холбоотой аж.
Нийтийн сүлжээний хэлний хэрэглээний байдал нь сэтгүүл зүйн салбарт халварлаж, сэтгүүлчид мэдээ мэдээлэлдээ хар ярианы хэллэг түгээмэл хэрэглэж, бэлтгэсэн мэдээлэл нь нийгмийн сүлжээний фэйсбүүк, твиттер хуудсаар тархдаг бичвэрүүдээс ялгагдахааргүй болсныг Доктор Д.Боролзой хөндөж байна. Тиймээс вэб сайтууд сонинтой адилхан бичгийн хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх ёстой хэмээн анхааруулав.
Мөн интернэт орчинд буруу бичигдэж байгаа үг нь хүмүүсийн ярианы хэлэнд нөлөөлж, монгол хэлний зөв дуудах хэм хэмжээг алдагдуулж байгаа тохиолдол ч байна. Жишээлбэл, “гоё” гэхийг “гоя”, “сайн уу” гэхийг “сээн үү”, “хөөх” гэдэг уулга алдсан үгийг залуучууд “ваув” гэж, “сайн уу” гэхийг “хай” гэх мэтээр монголоороо хэлж болоод байдаг үгийг гадаад үгээр орлуулах үзэгдэл өдөр тутам давтагдах болжээ.
Цахим орчинд этгээд үг хэллэх элбэг байдаг. Энэхүү үг хэллэг нь нийгмийн сүлжээгээр түгж, орон нийтэд нөлөөлж, орк, Сагсайдах, Дэмбэрэлдэх, Мояа омог, Эморох гэх мэт монгол хэлний үгийн сангийн тогтсон системд ороогүй гаж үгнүүдийг үүсгэж буй
Сэтгүүлчдийн хэл найруулгын талаар…
Хэл найруулга цахим орчинд асуудалтай байна. Ялангуяа сэтгүүлчдийн хэл найруулгын чадвар тааруу байгаа нь олон жишээгээр харагддаж байна.
Жишээ нь:
– Бид утаа, түгжрэл, ажлын байр бий болгох асуудалд онцгой анхаарах ёстой- /утаа түгжрэлийг бий болгох гэж байна гэж ойлгохоор/
– Загвар өмсөгч Энхболд гэргийдээ гэрлэх санал тавьжээ- /гэрлэсэн хүндээ гэрлэх санал тавина гэж байхгүй/
– Борц зарна. Үхрийн утас:……
– Миний найз сайхан амрах хэрэгтэй шүү. Амар амгалангийн ертөнцдөө сайхан нойрсдоо-гашуудлын үгийг буруу хэрэглэсэн байгаа юм
Цахим орчны хэлний хэм хэмжээ гэж байхгүй. Харин цахим орчины онцлог, хэв маяг,өнгө төрхтэй хэл байдаг гэж үздэг. Үүнийг Net-speck буюу сүлжээний хэл гэж судалгааны түвшинд үзэж байна.
Интернэтийн албан бус орчинд цэг тэмдэг, харь үг, этгээд үг, үгийн товчлол ашиглан хүмүүс хоорондоо харилцдаг ярианы хэлний хэв маяг бүхий нэгэн зүйлийн бичгийн хэл үүссэн байна.
Албан ёсны мэдээллийн хэрэгсэлд тооцогдох цахим сайт нь бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлэх боломжтой. Учир нь Редакц, мэргэжлийн сэтгүүлчдийн эрхэлдэг сэтгүүл зүйн үйл ажиллагаа нь Монгол Хэлний тухай хуулийн 19-р зүйлд ОНХМХ, Хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага Монгол хэлний зөв бичих дүрэм орчин цагийн утга зохиолын Монгол хэлний хэм хэмжээг чанд баримтлах ёстой гэж заасан байдаг гэдгийг Доктор Д.Боролзой лекцийнхээ үеэр онцолж байсан юм.
Н.БАТАА