“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын албан өрөөнд тайлбар мэдүүлэг, зарим эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авахаар очсон АТГ, ЭЦГ-ын ажлын хэсгийн комиссар Б.Батболдын биед халдсан хэргийг прокурорт шилжүүлжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгах АТГ-ын ажлын хэсэг Б.Эрдэнэбатын албан өрөөнд болон гэрт нь нэгжлэг хийхээр очсон байдаг. Энэ үеэр тус байгууллагын албан хаагчдыг эсэргүүцэж комиссар Б.Батболдын биед халдсан хэрэг гарсан юм.
Түүнд Эрүүгийн хуулийн 230.1 дүгээр зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэргийн мөрдөн байцаах хэлтэст шалгаж дууссан байна. Хэрэгт холбогдох шүүх хурал энэ сарын 22-нд буюу ирэх даваа гаригт болно.