Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр (2017.05.16) хэвлэлийн бага хурал хийж, түүний олон нийтийн сүлжээн дэх хуурамч хаягийг хэн нээсэн болохыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандах болсоноо мэдэгдсэн.
Сайдын нэр бүхий олон нийтийн сүлжээн дэх хуурамч хаягаас ХХБ-ыг санхүүгийн хүнд байдалд орсон тухай мэдээлэл энэ сарын 09-нд цацагдсан юм. Тодруулбал, “Сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана” гэсэн худал мэдээлэл фэйсбүүкээр түгсэн билээ.
Сангийн яамны хүсэлтээр хуулийн байгууллагынхан энэ мэдээллийг тараасан этгээдийг 24 цагийн дотор илрүүлэн баривчилжээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суугч 34 настай Н гэгч байсныг тагнуулын байгууллага шалгаж байна. Фэйсбүүк хуудсаар үндэслэлгүй мэдээлэл түгээсэн этгээд нь өмнө нь тус банкнаас 100 сая төгрөг нэхэж байсан аж.