Шенгений орон руу богино хугацаанд зорчих виз мэдүүлэх журамд оруулсан өөрчлөлт өнөөдрөөс /2020.02.02/ мөрдөгдөж эхэллээ. Богино хугацааны шенгений виз мэдүүлэх, визийн маягтад хэсэгчилсэн өөрчлөлтүүд оржээ.
- Шенгений визийн хураамж 60 евро байснаас 80 евро болж нэмэгдсэн болно. 6-12 насны хүүхдийн визийн хураамж 35 евро байснаас 40 евро болж харин 0-6 насны хүүхэд болон Европын холбооны иргэний гэр бүлийн гишүүд визийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа нөхцөл нь хэвээр үлдэж байгаа болно. Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамжид өөрчлөлт ороогүй болно.
- Виз мэдүүлгийн өргөдлийг зорчихоор төлөвлөсөн өдрөөс 6 сар хүртэлх хугацааны өмнө мэдүүлэхболомжтой болж байна. (Визийн кодексийг шинэчлэн найруулааагүй байхад 3 сар хүртэлх хугацааны өмнө мэдүүлэх боломжтой байсан) Мөн зорчихоор төлөвлөсөн өдрөөс хамгийн багадаа 15 хоногийн өмнө виз мэдүүлнэ. Хэрэв дээрх хугацаанд мэдүүлээгүй тохиолдолд Элчин сайдын яамны консулын хэлтэс визийн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй болно.
- 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсад богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг зөвхөн Улаанбаатар хот дахь Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна. Европын Холбооны иргэний гэр бүлийн гишүүн Улаанбаатар хот дахь Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яаманд хандаж виз мэдүүлэх эрх нь хэвээр үлдэж байгаа болно. Мөн дипломат/албан паспорт эзэмшигчид, төрийн/албан айлчлалын төлөөлөгчид болон хүмүүнлэгийн шалтгааны улмаас нэн яаралтай зорчих гэж буй виз мэдүүлэгчид урьдчилан ЭСЯ-ны Консулын хэлтэстэй утсаар холбогдсоноор хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн хүлээн авах боломжтой болно. Шенгений визийн асуудлаар бусад Европын холбооны улсыг төлөөлөн виз мэдүүлгийн өргөдлийг хүлээн авч ажиллахад БНЧУ болон Европын холбооны холбогдох улстай байгуулсан засгийн газар хоорондын хоёр талын хэлэлцээрийг мөрдөнө.
- Виз мэдүүлгийн шийдвэрийг 15 хоногийн хугацаанд олгох нь хэвээр үлдэж байгаа боловч шинэчилсэн найруулгаар шийдвэрлэх явцыг нэг удаа хамгийн дээд тал нь 45 хоног хүртэлх хугацаанд сунгах боломжтой болж байна.
- Олон удаагийн нэвтрэх эрхтэй/мулти виз олгох нөхцөл шинэчлэгдэн нэг жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг хоёр жилийн хугацаанд нэг удаагийн нэвтрэх эрхтэй визээр хууль дүрмийн дагуу гурван удаа зорчсон виз мэдүүлэгчид олгох боломжтой, хоёр жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг 2 жилийн хугацаанд нэг жилийн олон удаагийн визийг хууль, дүрмийн дагуу ашигласан виз мэдүүлэгчид олгох боломжтой, 5 жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр жилийн олон удаагийн визийг хууль, дүрмийн дагуу ашигласан тохиолдолд олгох боломжтой болж байна.
- Европын холбооны иргэдийн гэр бүлийн гишүүдийн визийн үйл явцыг хөнгөвчлөх нөхцөл шинэчлэгдсэн болно.