Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалтын 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаарх мэдээллийг өглөө.
ЭМЯ “2020 оны 2 дугаар сарын 2-ны өглөаний 08.30 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусийн халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 14,411-т хүрч, 304 хүн нас барсан байна.
Бүрэн эдгэрсэн 328 иргэн эмнэлгээс гарсан бөгөөд халдвар авсан байж болзошгүй хүний тоо 19,544 болжээ.
Коронавирусээр өвдөөд эдгэрсэн хүний тоо нас барсан хүний тооноос анх удаа давлаа” гэв.
Эрүүл мэндийн яам бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна: БНХАУ-д нэгдүгээр сарын 3-нд шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар ДЭМБ-аас мэдээлсэн. Тэр үeэс эхлэн ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн. Тухайлбал Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтэс ДЭМБ-аас мэдээллийг шуурхай авч халдварт өвчний тархалт, тоо бүртгэл, статистик мэдээллийг нэгтгэж байна.
Мөн Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсээс эрүүл мэндийн байгууллагуудын эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн судалгааг гаргаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг авч байна.
Түүнчлэн Эмнэлгийн тусламжийн газар шинэ коронавирусийн халдварын үeийн арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж байгаа юм.
Мөн хүн амыг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх үнэн зөв мэдээллээр шуурхай хангах зэрэг олон талт арга хэмжээг авч авч байгааг ЭМЯ-наас мэдээллээ.