МАХН өчигдөр орой (2017.05.16) шийдвэр гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон. Гишүүдийн 65 хувийн саналаар нэр дэвших эрх авсан С.Ганбаатарын баримтыг тус намынхан оройдоо СЕХ-нд хүлээлгэн өгөв. Үйл явдалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү яаралтай хэвлэлийн хурал зарлав. Түүний зарласан хэвлэлийн хурал өнөөдөр (2017.05.17) 11.30 цагт Төрийн ордонд болно.
Энэ хурлын үеэр О.Баасанхүү МАХН-аас нэр дэвшиж байгаа С.Ганбаатарыг дэмжихгүй гэдгээ мэдэгдэх сураг байна. Тэрээр өчигдөр Төрийн ордонд “Хэрвээ МАХН-аас С.Ганбаатар нэр дэвших юм бол Сонгуулийн ерөнхий хороо руу утасдаад УИХ-д сууж байгаа МАХН-ын ганц төлөөллийн саналыг сонссон уу гэж асуу. СЕХ МАХН-ын удирдлагаас “Та нар ганц гишүүнийхээ байр суурийг сонссон уу” гэж асууна. Нөгөөдүүл асуусан гэж хариулна. “Хэрэв тийм бол байр суурийг нь албан бичгээр авч ир” гэж хэлнэ. Харин О.Баасанхүү тэр бичгийг өгөхгүй” хэмээн ярьсан тухай мэдээлэл хэвлэлийнхэн дунд яригдаж байна.
Д.ХАЛИУН