МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарын нэрийг дэвшүүлэхээр болжээ

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар нэр дэвшихээр боллоо. Тус намын шийдвэр гаргах байгууллага хуралдан УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж, “Дорнын зам” компанийн захирал Энхжаргал нарын нэрийг дэвшүүлжээ. Өнөөдрийн хурал дээр нэр дэвшигчид нь тус тусын мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Үүний дараа санал хураалт явуулж С.Ганбатаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олж авлаа.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо ням гаригийн (2017.05.14) оройноос хойш тасралтгүй хуралдсан. Ням гаригийн шөнө Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар, инженер Н.Нацагням, Гавьяат хуульч С.Нарангэрэл, МХЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Шаравдорж нарын нэр яригдаж байсан. Харин даваа гаригт Гавьяат хуульч С.Нарангэрэл сонгуульд нэр дэвшүүлэх хүсэлтээ намын удирдлагадаа хүргүүлсэн байв.
Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших гэж байгаа хүмүүсээ сонгуулийн зардлаа өөрөө хариуцах, дээрээс нь тодорхой хэмжээний “татаас” өгөх болзол тавьсан нь яригдаж байгаа хүмүүс эхнээсээ саналаа татаж авахаас аргагүй байдалд оруулж эхэлсэн бололтой. С.Нарангэрэлийн хувьд “энэ хэмжээний мөнгийг гаргаж амжихгүй” гэдгээ мэдэгдээд нэрээ татсан байна.
Өнөөдөр (2017.05.16) МАХН-аас нэр дэвших хүмүүсийн нэр бага зэрэг өөрчлөгдсөн байв. Тэд бол УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж, “Дорнын зам” компанийн захирал Энхжаргал нар. МАХН нөхөн нэр дэвшүүлж байгаа хүнийхээ баримт материалыг маргааш буюу тавдугаар сарын 17-нд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх юм.