Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын гишүүн, дэмжигч байгууллагууд болон иргэд Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор эх орондоо маск илгээх, тараах аяныг хэрэгжүүлж эхэлжээ.
“Эх орондоо маск илгээцгээе” хүмүүнлэгийн аяныг одоогоор Америк, Турк, Польш, Солонгос, Швед, Бельги, Австрали, Япон, Чех, Герман, Орос улс дахь Монголчууд, монголчуудын байгууллагууд явуулж эхлээд байгаа юм байна.
Мөн ЭМЯ-наас өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Польш улсад суралцаж, ажиллаж амьдардаг эмч нар амны хаалт цуглуулж, Монгол руу илгээсэн нь маргааш хил дээр ирнэ” хэмээж байсан юм.
Ийнхүү гадаадын 11 оронд үргэлжилж буй аянд үндэсний иргэний агаарын тээврийн МИАТ компани нэгджээ. МИАТ ХК улс орнууд дахь өөрийн төлөөлөгчийн газруудаараа дамжуулан хилийн чанад дахь монголчуудын цуглуулсан амны хаалтыг Монгол Улсад үнэ төлбөргүй тээвэрлэн авчрах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.