Иргэн Б харь оронд нойр, хоолоо умартан 15 жил хөдөлмөрлөж байж хадгалсан 400 сая төгрөгөө өвөртлөн эх орондоо иржээ. Цуглуулсан энэ мөнгөөрөө хувийн бизнес эрхэлж, нутагтаа нуруу тэнэгэр амьдрах ганц хүсэл түүнд байлаа. Их мөнгөтэй ирсэнд нь ч тэр үү удаан уулзаагүйдээ ч тэр үү хамаатных нь дүү түүнд илүү элгэмсэг хандаж байж. Харь оронд олон жил амьдарсан, монголын нийгмээс бага зэрэг төсөөрсөн иргэн Б төрснөөс өөрцгүй дүүдээ бизнест нь хань болно гэж итгэл хүлээлгэж байв. Нэг өдөр өнөөх итгэлт дүү нь 400 сая төгрөгийг нь мөнгө хүүлэлтэнд оруулж, сард 20 саяаар өсгөх ашигтай санал тавьж, иргэн Б ч зөвшөөрөв. Харамсалтай нь иргэн Б мөнгө ч үгүй, дүү ч үгүй хоцорч, цагдаагийн байгууллагын үүд сахих ажилтай болжээ. Энэ бол залилангийн хэргийн наад захын жишээ. Сүүлийн жилүүдэд бусдын эд хөрөнгөнд шунаж, залилан мэхлэх замаар байгаа бүхнийг нь сэгсэрсэн гэмт хэргүүд огцом нэмэгдэж байна. Тодруулбал, нийслэлийн СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст л гэхэд 2019 онд 833 удаагийн залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь тус хэлтэст бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 27 хувийг эзэлж байгаа юм.
Эх сурвалж: npost.mn