ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица: Өнөөдөр ДЭМБ-ын удирдах албаныхан Ши Жиньпинтэй уулзаж, ярилцсан. Ухань хотод халдварын тархалтыг хязгаарлах, вакцин гаргаж авах талаар хэлэлцсэн.
Дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4,593, сэжигтэй тохиолдол 6,973 байна. Халдвар авсан 132 хүн нас барсан.
БНХАУ-аас гадна дэлхийд 4 бүсийн 14 улсад 56 тохиолдол батлагдсан. Үүнээс 42 тохиолдол нь Ухань хотод зорчсон байна. Энэ нь БНХАУ-аас бусад оронд дэгдэлт хэлбэрээр тархалт явагдахгүй байгааг илтгэж байна. Халдвар авсан тохиолдлын ихэнх нь эрэгтэйчүүд байгаа бол нас барсан тохиолдын ихэнх нь архаг өвчтэй байна.
Коронавирусийн халдварын дэгдэлт 2003 онд гарсан SARS-н дэгдэлттэй харьцуулахад харьцангүй бага.
Халдвар авсан нийт тохиолдлын 20 хувь хатгалгаагаар хүндрэх магадлалтай байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эмчилгээний тал дээр нарийн мэдээлэл гаргахаар ажиллаж байна.
АНУ-д бүртгэгдсэн 5 тохиолдол нь өөрсдөө иргэний үүргээ ухамсарлаж эмнэлгийн байгууллагад хандсан байна. Тиймээс Хятадад сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд зорчсон, халуурсан тохиолдолд эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөж байна.
Халдварт өвчний дэгдэлтийн үед буруу ташаа мэдээлэл их явагдаж, олон нийтийн санаа зовнисон байдал үүсдэг учраас албаны эх сурвалжийн мэдээлэлд итгэхийг хүсье.
Австрали улсын олон улсын эрүүл мэндийн төвийн зохицуулагч байгууллага нь өчигдөр Монгол Улсын иргэн халдвар авсан гэх мэдээллийг Монгол Улсын эрүүл мэндийн төвийн зохицуулагч байгууллага ХӨСҮТ-д дамжуулсан. Үүнээс 3 цагийн дараа халдвар аваагүй, хавьтал гэдгийг дахин илэрхийлсэн.