2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлт дээшилж 3.3 хувьд хүрнэ гэж тооцоолж байсан ч БНХАУ-д дэгдсэн вирус шинэ эрсдэл үүсгэлээ. “Эдийн засагт хохирол үзүүлэх үү” гэдгээс илүү “Хэр хүнд хохирол үзүүлэх вэ” гэх асуулт тавих цаг болсныг “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид сануулж байна.
БНХАУ-ын I улирлын эдийн засгийн өсөлт, ялангуяа үйлчилгээний салбарын өсөлт удаашрах нь гарцаагүй. Өмнө нь SARS-ийн улмаас 2003 оны II улиралд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хоёр нэгж хувиар буурч байсан юм.
Дэлхийн эдийн засгийн чуулган 2020 оны гол эрсдэлийг хүчтэй орнуудын ашиг сонирхлоо хамгаалах эдийн засгийн зөрчилдөөн гэж дүгнэсэн байна. Вирусийн улмаас ойрын хугацаанд хүлээгдэж байсан II шатны хэлэлцээ хойшлох төлөвтэй байна.
Үүний зэрэгцээ зөвхөн БНХАУ гэлтгүй хөрш зэргэлдээх орнуудад дотоод улс төрийн зөрчилдөөн хурцдах эрсдэл улам нэмэгдлээ. БНХАУ энэ оны эхээр санхүүгийн зах зээлээ нээж, дөрөвдүгээр сараас гаднын хөрөнгө оруулагчдад 100 хувь эзэмшилтэй үнэт цаасны компани нээх эрх олгохоор төлөвлөж байсан аж. Хэдий тийм боловч шинэ төрлийн “коронавирус”-тэй холбоотойгоор БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад өгсөн амлалт биелэх хугацаа хойшилж байна.
Дэлхийн эдийн засгийн чуулганы томьёолсон 2020 оны гол 10 эрсдэлийн дөрөв нь БНХАУ-тай шууд холбоотой, харин гурав нь шууд бус хамааралтай байсан аж. БНХАУ-д онц байдал зарласан нь эдгээр эрсдэлийн жинг улам нэмж байна. Нөлөөлөл нь Азийн бусад оронд ч мэдрэгдэх болжээ.
Тухайлбал: Японд аялдаг жуулчдын 30 хувийг БНХАУ-ын иргэд бүрдүүлдэг бөгөөд зөвхөн аялал, жуулчлалын салбартай холбоотой хохирол нь Японы эдийн засгийн өсөлтийг 0.1 нэгж хувиар удаашруулж болзошгүй байгаа аж. Бусад арлын орнуудад ч төсөөтэй нөлөөлөл мэдрэгдэхээр байна.
Б.Дашням
Эх сурвалж: bloombergtv.mn