Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулж байна.
Ө.Энхтүвшин: “Дэлхий нийтэд түгшүүр түрүүлж буй шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархаж байна. Нэг цагийн өмнө авсан мэдээллээр олон улсад 1,956 хүн өвчилж, 56 хүн нас баржээ. Монгол Улс ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан халдваргүйжүүлэлт, ариутгал хийх бүтээдэхүүнийг шууд гэрээ хийх байдлаар тохиролцон эмнэлгүүдэд нийлүүлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.
Мөн хил орчмын дэглэмийн өндөржүүлэхийг нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад үүрэг болгосон. Үүнд хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтооно. Үүнд галт тэрэг, нисэх онгоцоор нэвтрэх нь хамааралгүй юм.
Өмчийн хэлбэр үл харгалзан бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон МСҮТ-үүд, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Энэ хугацаанд Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг цахимаар болон теле хэлбэрээр явуулахыг БСШУС-ын сайд болон бусад холбогдох албаныханд үүрэг болгосон. Түүнчлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийн хамарсан үйл ажиллагааг явуулахыг хориглосон.
Маргаашийн дотор Ухань хотод буй 31 монгол оюутныг эх оронд нь авчрахыг БНХАУ-ын талтай хамтран шийдвэрлэнэ” гэлээ.