Хятадын Төрийн тэргүүн Ши Жиньпин өчигдөр Коммунист намын Улс төрийн товчооны гишүүдтэй уулзаж, коронавирусийн тархалттай тэмцэх ажлыг шууд удирдах багийг байгуулах шийдвэр гаргажээ. Өмнө нь энэ ажлыг орон нутгийн удирдлагууд хариуцан ажиллаж юм. Ши Жиньпин энэ үеэр улс орондоо хүнд хэцүү асуудал тулгарч байгааг онцлоод вирусийн тархалттай тэмцэхэд Хятадын бүх иргэд үндэс угсаа, ажил мэргэжил харгалзахгүйгээр идэвхтэй оролцохыг уриалжээ.
Хятадын Коммунист Нам короновирусын тархалтын ажлыг удирдахаар болсны маргааш буюу ням гаригийн өглөө гэхэд коронавирусийн халдварын тоо 1785 болж, амиа алдсан хүний тоо 55 хүрчээ.
Бямба гарагт Австрали улсад коронавирусийн анхны дөрвөн тохиолдол бүртгэгдсэн бол ням гаригт АНУ коронавирусийн голомт болж байгаа Ухань хотоос өөрийн иргэд, дипломат албан хаагчдаа татах тусгай үүргийн нислэг гаргахаар болсон гэж The Wallstreet Journal мэдээлсэн байна.
Хонг Конгт халдварын таван тохиолдол бүртгэгдсэн учраас Ухань хотын чиглэлд үйлддэг нислэг болон төмөр замын тээврийг зогсоож, дунд сургуулиудыг хоёрдугаар сарын 17 хүртэл хаах шийдвэр гаргасан байна. Бээжин хотын захиргаа өнөөдрөөс эхлэн хот хоорондын автобусны үйлчилгээг зогсоох шийдвэр гаргажээ. Хятадын аялал жуулчлалын холбоо ч Даваа гаригаас дотоод гадаад жуулчдын аялалыг зогсоож байна гэж CCTV өчигдөр мэдээллээ.
Шанхай хот Диснейлэндын хаалгыг өчигдрөөс тодорхойгүй хугацаагаар барьсан бол Сар шинийн баяраар хүмүүс олноороо зорин ирдэг Бээжингийн Буддын шашны гол сүмүүд үүд хаалгаа барьжээ. Одоогооийн байдлаар Төвдийн Өөртөө Засах Орон халдвар илрээгүй Хятадын цорын ганц засаг захиргааны нэгж болоод байна.
Эх сурвалж: Reuters, South China Morning Post