Нийслэлийн онцгой комисс өчигдөр (2019.01.25) хуралдлаа.
Хуралдааны эхэнд Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон шинэ коронавирусийн халдварын талаарх товч мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хүргэв.
Тэрбээр “Нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд 1,304 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Үүний 1,083 хүүхэд буюу 83.1 хувь нь амьсгалын замын өвчтэй хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн 1,033 үндсэн ортой бөгөөд 272 орыг нэмэлтээр, 40 насанд хүрэгсдийн орыг хүүхдийн оронд шилжүүлсэн. Мөн 93 орыг нөөц орон зайд байрлуулан орны зохицуулалтыг хийж, нийт 1,438 ортойгоор ажиллаж байна” гэлээ.
2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар нийт 848 хүн өвчилсөн, 25 хүн нас барсан, 95 хүний биеийн байдал хүнд, 16 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн, нийт өвчлөгсдийн 27 хувийг 16-39 нас, 72 хувийг 40-өөс дээш насныхан эзэлж, 64 хувь нь эрэгтэйчүүд байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны Нийслэлийн төлөвлөгөөг батлан гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна” гэлээ.
Хуралдааны төгсгөлд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Даваа гарагаас эхлэн нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлээс үл хамааран бүх сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоосон байх шаардлагатай.
Энд холбогдох газрууд маш сайн хяналт тавьж ажилла. Ямар нэг байдлаар хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг ажилласан байвал энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаатай дүйцүүлэх ойлгох хэмжээний асуудал. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж ажиллах шаардлагатай.
Онцгой комисс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллан иргэдэд цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж ажиллах нь зүйтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрт орж ирж байгаа гадна дотны иргэдэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай. Эрүүл мэндийн газар шаардлагатай техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийнхээ жагсаалтыг гаргаж танилцуул. Ханиад томуугаар өвчилсан хүүхэд багачуудын тоо өсөж байгаатай холбоотойгоор дүүргийн эмнэлгүүд хүүхдүүдийн эмчилгээ үйлчилгээнд онцгой анхаарч ажилла. НЭМГ шаардлагатай тоног төхөөрөмж авах судалгаа тооцоог гаргаж, холбогдох газруудад өгөх хэрэгтэй, боложтой зардлыг шийдэж ажиллана” гэв.
Мөн дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад хандан олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зохион байгуулахгүй байхыг Хотын захирагч үүрэг болголоо.
Түүнчлэн урьдчилан сэргийлэх гарын авлага, сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж ажиллах. Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүргэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцлов.
“Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудад тогтмол чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох байгууллагууд хийж ажиллах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамарсан олон нийтийн арга хэмжээ болон үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, тэмцээн уралдаан, компьютер тоглоомын газар, их дээд сургуулийн нэгдсэн арга хэмжээг хориглон бага насны хүүхдийг үзвэр үйлчилгээнд дагуулж явахаас зайлсхийх хэрэгтэй эцэг эхчүүдэд таниулах, сурагчдын амралттай холбогдуулан хүүхэд, багачууд гэртээ харгалзах хүнгүй үлдэж, амь нас, эрүүл мэндэд нь нөлөөлөх аливаа эрсдэл тохиолдож болзошгүй байдлаас сэргийлэх ажлыг дүүрэг, хороо хэсгийн ахлагч нар хариуцан онцгой анхааран ажиллах ёстойг санууллаа.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс