УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.24) хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр 11 цаг 00 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор товлов.
Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан үг хэлсний дараа хуралдааныг даргалж буй Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тодорхой асуудлуудаар тайлбар, мэдээлэл хийлээ. Л.Болд гишүүний хэлсэн үгтэй холбогдуулан “Улсын Их Хуралд танилцуулсан судалгаагаар 229 мянган ахмадын 758 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх мэдээлэл бий” гэлээ.
Засгийн газар энэ долоо хоногт шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгааг тэрбээр дуулгав. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө холбогдох арга хэмжээ авахаар Засгийн газар шийдвэрлэсэн.
Харин тэтгэврийн зээлгүй 191 мянган ахмадад 1 сая төгрөгийн ваучер олгох ажлыг Засгийн газрын түвшинд зохицуулна, Улсын Их Хурал холбогдох хууль тогтоолоо гаргасан хэмээн Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан хэлэв.
Үргэлжлүүлэн тэрбээр бүх улс орны Засгийн газар иргэдийн эрүүл мэндийн асуудалд заналхийлж буй коронавирусийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Шадар сайдад хандан санууллаа. ДЭМБ-аас ч холбогдох зөвлөмжийг гаргасан. Иймд Монгол Улсын Засгийн газар уг асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах, тодорхой шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлага үүссэн болохыг хэлэв.