Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр дэлхийн хувцас, загварын тэргүүлэх “Gucci” компанийн захирал Марко Биззаритай уулзлаа.
Ноён Марко Биззари Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, Монгол Улс руу өөрийн багийг илгээж, арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөлтэй танилцан судалгааны ажил эхлүүлэхээ илэрхийлэв.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын ерөнхийлөгч Бөргэ Брендийг хүлээн авч уулзлаа
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус чуулганыг зохион байгуулдаг “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага”-ын ерөнхийлөгч ноён Бөргэ Брендийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Геополитикийн асуудлаар голчлон ярилцсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Евразийг холбосон Монгол Улсын автозам, өдгөө өргөжиж буй төмөр замын сүлжээний талаар болон Монгол Улс дахь эрчим хүчний нөөц боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Нар, салхины эх үүсвэр бүхий цахилгаан үйлдвэрлэлээр дамжуулан Зүүн хойд Азид хямд эрчим хүч нийлүүлэх “Супер сүлжээ” санаачилга нь бүс нутгийн хэмжээнд сонирхол татахуйц, мөн Монгол Улсын дэд бүтэц нь Евразийг холбосон чухал зангилаа гэдэгтэй ноён Бөргэ Брэнд санал нэгдсэн юм. Улмаар Индонез улсын Жакарта хотод зохион байгуулахаар төлөвлөж буй “Зуны Давос”-ын үеэр дэд бүтэц болоод эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүдэд хөрөнгө оруулалт татах, улс орны оролцоог нэмэгдүүлэх үүднээс тусгайлан салбар хуралдаан зохион байгуулах асуудлаар ярилцаж, тохиролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Симонетта Соммаруга нар уулзлаа
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч хатагтай Симонетта Соммаругатай уулзлаа.
Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улсын цаг уурын өөрчлөлтийн асуудлаар санал солилцож, усны хомсдол үүсэхээс сэргийлэх, тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг олон улсын эвсэлд нэгдэх зэрэг асуудлаар ярилцсан юм.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2030 он гэхэд тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжиж ажиллахаа, мөн Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсад байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийг өргөтгөх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлэв.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба