Урин дулааны цаг ирлээ. Жилийн дөрвөн улиралд захирагдан амьдардаг монголчууд дулааны улиралд багтаагаад амины байшин, зуслангийн байраа барьчихсан гэж хичээдэг. Тиймээс өөрөө барилга барихаар шийдсэн хүмүүст хандсан зөвлөгөөг хүргэе.
Юуны өмнө байшин босгоно гэдэг бол жирийн нэг ажил биш юм. Та хичнээн няхуур зөв хандаж, тооцоолж чадна төдий чинээ амар хялбар, найдвартай, зовлон багатай байх болно. Магадгүй сайн байшин барьж чадвал насны хөрөнгө ч болж болох юм. Хэн ч тоохгүй муухан байшин барьчихвал хамаг хөрөнгөө үрэн таран хийсэнтэй ялгаа юу байх билээ. Иймээс сайн байшин баръя гэж бодож байгаа хүнд илүүдэхгүй таван зөвлөгөөг толилуулъя.
1. Байшингийнхаа дизайныг зөвхөн та л шийдэх үүрэгтэй.
Таны юу хүсээд байгааг зөвхөн та л хамгийн сайн мэднэ. Иймээс та энэ тал дээр маш сайн ажиллах үүрэгтэй. Юуны өмнө ямар төрлийн байшин босгохоо шийдэх хэрэгтэй юм. Өнөөдөр амьдрал дээр асар олон төрлийн байшин баригдаж байгааг та бэлхнээ мэднэ. Бүр болохгүй бол шууд хуулах эсвэл дизайныг худалдаж авч болох юм. Гэхдээ зохиогчийн эрхийн асуудлыг сайн анхаарахгүй бол сүүлд нь бөөн төлбөрт унаж магадгүй шүү.
Ер нь сайн байшин баръя гэж бодож байгаа хүн бусдын бэлэн байшингуудыг судлах нь лавтай. Мэдээж танд таалагдах байшингууд гарч л таараа. Гол нь тэр байшингийн яг юу нь таны нүдийг татаад байна вэ? Ямар онцлог, шинж чанар, өнгө будаг нь таныг соронзон шиг татаж байгааг илрүүл. Өөрт таалагдаж байгаа бүхий л шинжүүдийг жагсааж бичээрэй. Болж өгвөл гараараа ноорог дизайн гаргахыг оролд. Жижиг гэлтгүй бүхий л санааг цаасан дээр буулгаж баримтжуулбал нэн сайн. Одоохондоо тэднийг хэрхэн нийлүүлж угсрах талаар бодох хэрэггүй. Энэ бүхэн нь танд цааш цаашдаа буруу сонголт хийж эцсийн дүндээ харамсах байдлаас аврах болно.
2. Барих байшингийнхаа өрөөний план зургийг гарга.
Байшин барихад ерөнхий шаардлагууд гэж бий. Эдгээрийг хамгийн эхэнд гаргах нь маш чухал юм. Үүнд: унтлагын өрөөний тоо, угаалгын өрөөний тоо, гэр бүлийн хэсэг, амрах өрөөний тоо, спортын өрөөтэй эсэх, хүүхдийн өрөөтэй эсэх, хоол хийх өрөө нь тусдаа байх уу, нэгтгэгдсэн байх уу, хоол идэх өрөө байх уу, орох хаалгандаа довжоо, тавцан, асрын алийг нь сонгох вэ, автомашины гарааш байх уу гэх мэт олон асуудлыг тодруулна.Ийнхүү ерөнхий план зураг бэлэн болсон бол өрөөнүүдийн зохион байгуулалтыг шийдэх хэрэгтэй. Мэдээж эхлээд чухал ач холбогдолтойгоос нь эхлэх бол сүүлд нь нэмэлтүүдийг шийдэж болно.Дараа нь нарийвчилсан дизайнуудыг гаргаж болно. Гал тогооны өрөөний дотоод тохижилт, гол угаалгын өрөөний тоноглолууд, цахилгааны монтажууд, кабель, телефон утасны гүйлтийн зам зэргийг гаргаж болно.
3. Байшингийн орчин тойрон ямар байх вэ?
Байшин дангаараа гоё харагддаг үе аль дивангарт өнгөрсөн. Нэмэлт цэцэрлэг, гоёмсог хашаа, сагсны талбай, машины зогсоол зэрэг нь бүгд нийлж амьдралын тав тухыг хангадаг.Иймээс орон нутгийн газар олголтод хичнээн хэмжээний талбай оногдохыг судалж мэдэх хэрэгтэй.
4. Өөрийн төсөвтөө баригдах нь лавтай.
Та өөрийн ерөнхий шаардлагууд, плаг зургаа гаргасан шүү дээ. Харин одоо бол түүнийгээ төсөвтөө нийцүүлэн тооцоолох шаардлагатай. Энэ бол хамгийн хэцүү боловч заавал мөрдөхийн сацуу хамгийн их ач холбогдол өгөх ёстой хэсэг юм шүү. Үүнийг мэдээгүйгээс болж төсвөө хэтрүүлэн шууд барьсны харгайгаар дутуу баригдсан байшингуудыг Улаанбаатар, зуслан орчмоос төвөггүй олж болно.Ихэнх хүмүүс төсвөө хэтрүүлэх хандлагатай байдаг. Та ч гэсэн ийм алдаа гаргах гэж байгаад эргэлзэхгүй байна. Гэвч байшинг ганц л удаа барих юм чинь сайн юм баримаар байдаг. Хэцүү л асуудал даа. Сохор зоос ч үгүй болсон хүмүүс тавилга нь дутуу байшиндаа гайхшаа баран суухыг харахад хэлэх үг олддоггүй юм.Ер нь санхүүгээ зөв тооцоолъё гэвэл програм хангамж, компьютерийг сайн ашиглах хэрэгтэй. Кибер байшинг босгосны дараа түүний төсвийг гаргахад их хялбархан бөгөөд тодорхой байдаг.Мөн түүнчлэн та Улаанбаатарын зах дээрээс барилгын бүх материалаа худалдан авна гэвэл таны байшингийн зардал маш өндөр гарах нь дамжиггүй. Иймд та төсөвөө тооцохдоо БНХАУ-ын Эрээн хотын барилгын материалын зах дээрээс үнийн судалгаа хийх хэрэгтэй. Үүний тулд цаг гаргаж Эрээнд ирээрэй.Манайхан барилгын материалынхаа 90%-ийг Эрээн хотын барилгын материалын зах дээрээс л нийлүүлж байгаа нь нууц биш шүү дээ!!!
5. Өөрийн талбайдаа нийцүүлэх нь зүйн хэрэг юм.
Хэт том талбайд жижигхэн байшин барих, эсрэгээр жижигхэн талбайдаа томдсон байшин барих нь аль аль нь цаашдаа төвөг учруулах болно. Ер нь хүн бүрийн газар харилцан адилгүй шинж чанартай. Тийм болохоор өөрийн газраа сайн таньж мэдэх нь их чухал. Үүнийг өөрийн байшингаа босгохдоо анхаарвал зохино. Хэрвээ та газраа сонгочихсон бол байшингийн дизайныг гаргахад их хялбархан юм. Улаанбаатарын зусланд хэт хэвгий газрууд (уулын бэл) их тохиолддог шүү дээ. Жишээ нь ийм тохиолдолд та хэт өвөрмөц дизайн сонгох боломжгүй болно.Байрлалын асуудал чухлаар тавигдана. Мэдээж гол хаалга, ихэнх цонхнууд тань наран талдаа эсвэл хашааныхаа гол хаалга (гудамж) руу хандах нь ойлгомжтой. Мэдээж байшингийн тань өмнө хэсэгт хашааны тань ихэнх сул талбай нь байвал зохимжтой. Түүнээс гадна угаалгын болон унтлагын өрөөнүүд тань хашааныхаа арын хэсэг рүү харсан байрлалтай байх нь зүйтэй. Учир нь таны цэвэр бохир усны танк байшингийн тань ард байрлах байлгүй.
6. Эрчим хүчний хэмнэлтийг тооцоолох
Энэ бол хамгийн чухал асуудал. Юуны өмнө байшингийн цонхыг хаана гаргах эсэхээ сайтар тооцоол. Ер нь ямар ч хүн байшин барихдаа өвөлдөө дулаан, зундаа сэрүүн байшин барихыг эрмэлздэг. Тэгээд нүүрс түлэхгүйгээрбол бүр сайн.Үүнийн тулд цонхыг аль болохоор урд талдаа томоохон хэмжээтэй байхаар төлөвлөх хэрэгтэй. Урагшаа харсан том цонх өвлийн цагт нарны гэрэл бүрэн тусаж танай гэрт их хэмжээний дулааны энерги цуглуулна. Цонхны хэмжээ өрөөний шалны хэмжээний 15 хувиас багагүй байвал сайн. Тэгээд ч Монгол оронд өвлийн цагт баруун хойноосоо Сибирийн хүйтэн агаарын урсгалын нөлөө их байдаг тул баруун болон хойд талдаа цонх гаргахгүй байвал зүгээр.Хаалга зүүн талд байх нь зүгээр. Учир нь урд талын ханыг аль болохоор нарны гэрэлтүүлэг орж байхаар тооцох нь зүгээр.Үүдний цонх заавал хийх хэрэгтэй. Энэ нь таны байшинд гадна хаалгаар орж ирэх жаврыг багасгана.Байшингаа дулааны алдагдалаас сайтар хамгаал. Таазанд дулаалгыг маш сайн хийж өгөх хэрэгтэй.
Эх сурвалж barilga.mn