Эммануэль Макрон өнгөрсөн ням гарагт Францын Ерөнхийлөгчийн суудлыг албан ёсоор хүлээн авлаа. Түүний тангараг өргөх ёслолын дараах хийх ажлын жагсаалтад Путинд захирагдахгүй байх, АНУ-тай тэгш эрхтэй байх, Европын холбоон дахь тэргүүлэх байр сууриа эргүүлэн авах зэрэг багтжээ. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар Макроны нэн тэргүүнд хийх ёстой ажлын тоонд иргэдээ нэгтгэх, тэднийхээ итгэл найдварыг олж авах зэрэг орсон байна. Францчуудын тал хувь нь сөрөг хүчний хандлагатай байгаа энэ үед энэ нь тун амаргүй асуудал.
Макронд суудлаа өгсөн Ерөнхийлөгч Франсуа Олланд “Би улс төрийн өрсөлдөгч бус хүнд засаглалаа шилжүүлж байна. Энэ нь илүү хялбар” хэмээн тэмдэглэжээ. Түүний хувьд өчигдөр шинэ Ерөнхий сайдаа сонгосон. Харин өнөөдөр шинэ Засгийн газраа томилох юм байна. Ерөнхийлөгчийн хүрээллээс хамгийн нөлөө бүхий албан тушаалыг 44 настай Алекси Колер авч байна. Тэрбээр Елисейн ордны ерөнхий нарийн бичгийн дарга болно.
Колерын хувьд Макроныг Эдийн засгийн сайд байхад баруун гар нь байсан билээ. Макроны засаг захиргааны тэргүүнээр Патрик Строд томилогдлоо. Шинэ Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр Филипп Этьен ажиллах юм байна. Түүнийг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхэд хүмүүс тун халуун дотноор хүлээн авсан юм. Учир нь 61 настай Этьен Брюссельд төдийгүй Берлинд ч алдартай нэгэн.
Макроны хувьд төрийн эрхэнд гарсан даруйдаа үзэл бодлоороо гүн гүнзгий хуваагдсан, ажилгүйдлийн өндөр түвшинд хүрсэн улс орноо нэгтгэх амаргүй асуудалтай тулгараад байна. Энэ талаар “Аль Жазира”-д “Сонгуулийн хоёрдугаар шатанд хүмүүс Марин Ле Пенийг гаргахгүйн тулд түүний төлөө саналаа өгцгөөсөн. Тэрнээс түүний хөтөлбөрийг дэмжсэндээ ийм үйлдэл хийсэн юм биш” хэмээн улс төрийн зөвлөх Филипп Моро-Шевроле мэдэгджээ.
Ерөнхийдөө францчуудын 40 гаруй хувьд нь хэт барууныхан болон хэт зүүнийхний төлөө саналаа өгч, 25 хувь нь сонгуулийн хоёрдугаар шатанд санал өгөх байранд ч очоогүй. Энэ нь иргэдийн олон хувь нь Макронд итгэхгүй байгаагийн илрэл гэнэ. “Түүний хувьд Францын нийгмийг нэгтгэх, итгэл найдварыг нь хүлээх шаардлага тулгарчээ. Мэдээж үүнийг хийхэд тийм ч амар биш байх болно” хэмээн шинжээч мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ Макрон ирэх сард Ерөнхийлөгчийн сонгуулийн гуравдугаар шат хэмээн нэрлэгддэг парламентын шинэ сонгуультай тулгарна. Гэтэл Макронд өөрийн гэсэн нам байхгүй. Тиймээс тэр Ерөнхийлөгчийн олонхийг бүрдүүлж чадах эсэх нь эргэлзээтэй гэж шинжээчид үзэж байна.
Э.МӨНХЗАЯА