Жагсаал цуглаан, өлсгөлөн, олон нийтийг хамарсан арга хэмжээ нь өөрийн үзэл бодлыг хүргэх, аливаа асуудалд анхаарал хандуулах, төр засагт нөлөөлөх хэвийн бөгөөд хангалттай үр дүнтэй аргуудын нэг юм. Ерөнхийдөө энэ бол иргэний нийгэм, ардчилсан улсын салшгүй нэг хэсэг гэж хэлж болно.
Гэвч заримдаа гудамжны жагсаал цуглаан нь аль нэг улстөрчдийг ард түмнээрээ дэмжиж байгаа мэт харуулах гэсэн, сөрөг хүчнээ дарамтлах гэсэн арга болох нь бий. Өөрөөр хэлбэл улстөрчдийн штабаас идэвхтэй ашигладаг технологиудын нэг бол жагсаал цуглаан. Ийм жагсаал цуглаанд оролцогчид бол тусгайлан хөлсөлсөн “туг баригчид” юм.
Намуудын штабуудад тэнэг хүн ажилладаггүй болохоор энгийн хүмүүс жинхэнэ жагсаал цуглааныг төлбөртэйгөөс тэр бүр ялгаж чаддаггүй. Гэхдээ төлбөртэй, зориудаар зохион байгуулсан гэдгийг илтгэх хэд хэдэн шинж байдаг гэнэ.
1-р шинж тэмдэг: Хариулж чаддаггүй
Жинхэнэ жагсаал цуглаанд хүмүүс дотроо буцалж байгаа бүхнээ ярихаар оролцдог. Заримдаа тайван, ухаалгаар асуудлаа тайлбарлаж байхад заримдаа хэт сэтгэл хөдлөл гаргах нь ч байдаг л зүйл. Ямар ч л байсан жинхэнэ жагсаал цуглаанд оролцогчид юуны төлөө гудамжинд уриа лоозон, туг далбаа барин жагсах болсноо тайлбарлахад хэзээд бэлхэн байдаг.
Харин төлбөртэй арга хэмжээ зохион байгуулж байгаа бол “Юуны төлөө жагсаж байгаа юм бэ” гэсэн асуултад хариулт олж сонсож чадахгүй л болов уу. Оролцогчид зугтах буюу арай ахмад, ахалж яваа нэгэн рүүгээ зааж, тэр бүгдийг хэлнэ гэж ярих жишээтэй.
Арга хэмжээг зохион байгуулагчид заримдаа оролцогчдод юу гэж хариулах вэ гэдгийг зааж өгдөг ч тохиолдол байна. Харин тэдэнд илүү дэлгэрэнгүй асуулт тавибал аль болох зайлсхийж, хариултаас бултана.
2-р шинж тэмдэг: Камерт дургүйцнэ
Жинхэнэ жагсаал цуглаанд оролцогчид фото, видео аппаратуудыг жинхэнэ бэлэг гэж харна. Яагаад гэвэл тэдний явуулж байгаа арга хэмжээг илүү олон хүн мэдээсэй гэсэндээ тэр. Харин төлбөртэй жагсаал цуглааны үед оролцогчид дуранд өртөхгүйн төлөө байдаг бүхий л хүчээ хэрэглэнэ.
3-р шинж тэмдэг: Хуулбарласан байдал
Гудамж, талбайн жагсаал цуглаанд ашиглаж байгаа плакат, баннер, уриа лоозонг сайн харвал хэвлэлийн компаниар хийлгэсэн байх нь бий. Гэхдээ энэ нь төлбөртэй жагсаал цуглааныг илтгэх шинж тэмдэг биш. Зохион байгуулагчид ч үүнд сайн бэлтгэсэн байж болох талтай. Харин жинхэнэ жагсаал цуглаан дээр ихэвчлэн хэвлэмэл, гараар зурсан, янз бүрийн уриа лоозон их харагдана.
Тэгвэл нэг стилийн, жишээлбэл нэг шрифтээр хэвлэсэн, нэг том хэвлэлээр хийлгэсэн мэт харагдах плакат, уриатай байвал төлбөртэй жагсаал цуглаан байх магадлал өндөр.
4-р шинж тэмдэг: Уур амьсгал сул
Жагсагчдыг хэдэн минут л ажиглаад үзээрэй. Эндээс л үнэхээр тэд үзэл бодлынхоо төлөө энд ирсэн үү, мөнгөний төлөө байна уу гэдэг нь харагдана. Төлбөртэй цуглаанд орлцогчид ихэнхдээ идэвх сул, эрч хүч бага харагддаг. Уриа лоозонг ихэвчлэн нэг хүн нь хашхирч, бусад нь хүссэн хүсээгүй дагаж хашхирах буюу дуугүй зогсож байдаг. Заримдаа жагсагчдын дунд бүх зүйл төлөвлөгөө ёсоор байна уу гэдгийг ажигладаг “ахлагчид” байгааг харж болно.
Эх сурвалж: etcetera