БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэ болон Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон байсан ч хойшиллоо.
З.Баянсэлэнгэ нарт холбогдуулан 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хахуул өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны нэгдүгээр сарын 22-ны 09:00 цагт товлогдсон байсан.
Гэвч шүүх хуралдаанд улсын яллагч өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2020 оны хоёрдугаар сарын 6-ны 09:00 цаг хүртэл хойшлогдсон байна. З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа билээ.