Автотээврийн хэрэгслийн ашиглалтын жишиг норм буюу автомашины шатахуун зарцуулалт, резин дугуй, зай хураагуур, агрегат зангилаануудын эдэлгээний нөөц зэргийн ашиглалтын нормыг 2004 онд Дэд бүтцийн сайдын тушаалаар батлан улсын хэмжээнд мөрдөж эхэлсэн байдаг.
Тухайн үед манай улсад 120,000 орчим автомашин замын хөдөлгөөнд оролцож байсан бол 2017 оны байдлаар 530 гаруй мянга болсон. /Үндэсний статистикийн хорооны судалгаа/.
Хуучин автомашинууд ашиглалтаас гарсан болон автомашины марк, төрөл, тоо нэмэгдсэнтэй уялдуулан Зам, тээврийн хөгжлийн яам автомашины шатахуун зарцуулалтын жишиг нормыг шинэчлэн батлуулжээ.
Ингэхдээ манай улсад арваас дээш тоогоор орж ирсэн, 2007 оноос хойш үйлдвэрлэгдсэн, 480 гаруй марк загварын /2018 оны байдлаар/ автомашинуудад судалгаа хийсэн байна. Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл, эрс тэс уур амьсгал, авто замын онцгой хүнд нөхцлүүд гээд хэд хэдэн судалгааг үндэслэжээ.
Шинэ нормын дагуу Улаанбаатар хотын авто замд 100 километрт 10 литр шатахуун зарцуулдаг машинд XII сард буюу хүйтний улиралд 14 литр зарцуулахаар тооцож байгаа юм.
Шатахуун зарцуулалтын жишиг нормыг шинэчлэснээр аж ахуйн нэгж байгууллагууд төсөв санхүүгээ оновчтой төлөвлөх, эдийн засгийн үр өгөөжийг бодитойгоор үнэлэх, автомашины эвдрэл доголдлыг тодорхойлох зэрэгт ач холбогдлоо өгөх аж.