Монголчуудын хамгийн их чөлөөтэй зорчиж, худалдаа арилжаа хийдэг БНХАУ-д коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушигны хатгалгаа өвчин тархаад байна. Хятадад уг вирусний халдварын 300 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 6 хүн нас баржээ.
Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд иргэдэд өдөр бүр зөвлөмж, зөвлөгөө хүргүүлж эхэллээ. Зөвлөмж зөвлөгөөг бүрэн хэрэгжүүлсэн ч бид энэхүү вирүүсээс тойрч гарч чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Хятадад дэгдээд буй энэхүү өвчин нь БНХАУ-ын хилийг аль хэдийн давж, Өмнөд солонгос, Япон, Тайланд, АНУ-д бүртгэгджээ. Монголын уламжлалт цагаан сар хаяанд ирж, БНХАУ-ыг зорих Монголчуудын урсгал нэмэгдэх энэ цаг үед уг вирусын өвчлөл Монголд тархаж магадгүй талаар ДЭМБ ч бас анхааруулжээ.
БНХАУ-д “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчин тархаад буйтай холбогдуулан БНАСАУ-ын эрх баригчид хилээ түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна. Ямартай ч хамгийн сүүлийн үеийн мэдээгээр ДЭМБ олон улсын онц байдал зарлах эсэх асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр шуурхай хуралдах гэж байна.
ДЭМБ анхааруулсан анхааруулаагүй, нөхцөл байдлаа сайн мэдэх салбарын удирдлагууд эрсдэлийг эрх биш ойлгож байгаа болов уу гэж найдаж байна. Улс орондоо тархсан томуу, томуу төст өвчнөө дарж дийлэхгүй байгаа Эрүүл мэндийн салбар БНХАУ-ыд тархаад буй ДЭМБ-ыг ч түгшээж эхэлсэн Коронавирусыг даван гарах нь юу л бол. Тиймээс оройтойгүй дээр хилээ түр хугацаагаар ч болов хааж болохгүй гэж үү?
Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Коронавирусний халдвараас сэргийлэх талаар дараах зөвлөмжийг гаргасан байна.
Үүнд:
1. Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
2. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
3. Мах, өндгийг гүйцэд болгож идэх;
4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
5. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
6. Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
7. Түүхий ус уухгүй байх;
8. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
9. Арьс, салстаа гэмтээхгүй байх;
10. Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
11. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
12. Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
13. Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
14. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.
medium.com сайтад Mandakhnaran Davaadorj-ийн Коронавирус гэж ямар төрлийн вирус, ямар эрсдэл учруулж болзошгүй талаарх мэдээллийг хүргэе.
Коронавирус гэж юу вэ?
Коронавирус буюу Титэмт вирусын халдвар нь анхлан 1960 –аад оны үед хүний биед олджээ. Коронавирус буюу Титэмт вирус хэмээх нэр нь уг вирусын микроскопт харагдах байдлаас үүссэн нэршил юм. Уг вирусын гадна бүрхүүл дэхь пепломер уургууд нь титэм мэт харагддагаас латин хэлний Корона буюу титэм хэмээх нэрийг авчээ.
Коронавирусын халдвар нь хүмүүсийн дунд түгээмэл бөгөөд одоогоор хүнд халдвар үүсгэдэг нь батлагдсан коронавирусын 6 омог байдгаас 4 нь харьцангуй хөнгөн, 2 нь хүнд өвчин үүсгэдэг нь мэдэгдээд байна. Коронавиурсын халдвар авсанаас хойш бие дэхь вирусын тоо хэмжээ хангалттай олшрон шинж тэмдэг үүсэх хүртэл өвний “нууц хугацаа” нь дунджаар хэдэн өдрөөс хоёр долоо хоног хүртэл үргэлжилдэг ба түүний дараагаас ихэвчлэн халуурах, ханиах, бага зэрэг амьсгаадах, хаяа гүйлгэх гэх зэрэг ханиад хүрсэн мэт шинжүүдийг үзүүлдэг юм.
Вирусыг тойрсон гадаргуугын пепломер уургууд нь микроскопт титэм мэт харагддагаас Корона буюу Титэмт вирус хэмээх нэрийг авчээ.
Уг вирус нь удаамшлын мэдээллээ РНХ хэлбэрээр агуулсан вирус бөгөөд РНХ бүхий вирусууд нь ДНХ бүхий вирусуудыг бодвол РНХ –н молекулын биохимийн шинж чанараас шалтгаалан удамшил генетикийн хувьд илүү олон төрөлтэй байх бөгөөд тэр хирээрээ өөр зүйлийн эзэн амьтадын хооронд дамжин халдварлах чадвар өндөртэй байдаг. Тиймийн учраас хүмүүсийн дунд гарах коронавирусын өвчний дэгдэлт нь мэрэгчид болон шувууд зэрэг өөр амьтанаас анхлан үүсч гарсан байх нь элбэг. Ингэж өөр зүйлийн амьтадын хооронд дамжсан вирусын халдвар нь илүү хүнд явцтай өвчин үүсгэх шинж чанараар өндөр бөгөөд зарим тохиолдолд амьсгалын дарангуйлагдал эсвэл хатгаа өвчин үүсгэж улмаар үхэлд ч хүргэх аюултай байдаг.
Тухайлбал, 2002–2003 оны хооронд дэлхийн 29 оронд тархаж 8000 гаруй хүнийг өвчлүүлсэн SARS-CoV вирусын халдварын улмаас 774 хүн нас барж байсан бол 2012 онд Ойрхи Дорнодын Амьсгалын Замын Хам Шинжийн вирус (MERS-CoV) шинээр гарч Арабын хойгыг хамран тархаж байв.
Дээрхи хоёр тохиолдолд хоёулангийнх нь вирус гарсан эх үүсвэр нь амьтад байсан ба уг вирусуудын тархалтын эхэн үеийн халдвдварууд нь амьтанаас хүн дамжиж байсан буюу “Зооноз” халдварууд байсан байдаг.
2002–2003 онуудад дэлхий даяар тархаж 8000 гаруй хүнийг өвчлүүлсэн Амьсгалын Цочмог Халтай Хам Шинж өвчний үүсгэгч SARS-CoV Коронавирусын электрон микроскопт харагдах байдал.
Коронавирус хэрхэн халдварладаг вэ?
Коронавирус мэтийн зооноз халдварууд нь амьтан хүний хоорондох шууд харьцаанаас халдахаас гадна өөр олон бичил биетэнүүд шиг ханиах, найтаах гэх мэт үед агаар дуслаар дамждаг.
Мөн түүнчлэн хоол хүнсээр болон зөөгч эзнээр гэх мэт халдвар дамжих өөр олон зам бий. Шумуул, хачиг гэх мэт зөөгч эздүүд нь өөрсдөө өвчлөхгүйгээр вирусыг жинхэнэ эздийнх нь хооронд зөөх тохиолдол байгаль дээр элбэг байдаг.
Түүнчлэн зооноз халдварууд хоол хүнсээр дамждаг бөгөөд түүхий болон шүүрхий мах, амьтаны гаралтай бусад түүхий бүтээгдэхүүнүүдээр дамждаг. Тиймээс амьтаны гаралтай хүнсийг хангалттай болгож хэрэглэх хэрэгтэй юм.
Н.БАТАА
1 comment
короновирусыг устага