Тэмээний бөхөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гаргаж эхэлжээ. Монгол, Хятадын эрдэмтэд 2005 оноос тэмээний хамтын судалгааны ажлыг эхлүүлжээ. Эл хугацаанд ингэний сүү, хоормог, ноос ноолуур, генийн судалгааг хийж, хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлээд байна.
Тухайлбал, Хятадад тэмээний бөхөөс олон төрлийн өвчнийг эмчлэх боломжтой эм, бэлдмэл болон гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн аж.
Тэмээ нь говь цөлийн бүсэд зохицон амьдрахаас гадна олон хоног ус уудаггүй. Ингэний сүүнээс нь дээж авч шинжлэхэд тэмээний уураг нь бусад амьтныхаас өөр байсан талаар судалгааны багийнхан дүгнэжээ. Уураг нь өөр өөрийн хариуцсан гентэй байдаг төдийгүй генүүдийг ялган авснаар хорт хавдар, чихрийн шижин өвчнийг эмчлэх боломжтой гэж Өвөрмонголын өөртөө засах орны Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор н.Журамт хэлсэн байна.
Мөн Хятадын зах зээлд ингэний сүү, хоормог зэрэг бүтээгдэхүүний борлуулалт эрс нэмэгдсэн учир тэмээний тоо толгойг өсгөх бодлого баримталж эхэлсэн байна.