Ням гаригт (2020.01.12) Иракийн Аль-Балад цэргийн бааз пуужингийн довтолгоонд өртөж Иракийн дөрвөн алба хаагч шархджээ. Цэргийн бааз руу найман ширхэг пуужин харвасан бөгөөд одоогоор халдлагыг аль байгууллага үйлдсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ ийм төрлийн довтолгоог Ираны талыг баримтлагч Иракийн зэвсэгт бүлэглэлүүд үйлддэг гэж AFP мэдээлжээ.
Аль-Балад нь Иракийн агаарын хүчний гол бааз бөгөөд энд АНУ-аас худалдаж авсан F-16 сөнөөгч онгоцнууд байрладаг юм байна. Тус баазад АНУ-ын агаарын хүчний цөөн хүнтэй бүрэлдэхүүн байрлаж байжээ. АНУ-ын тал Ирантай харилцаа муудсаны дараа бүрэлдэхүүнийхээ ихэнхийг нүүлгэн шилжүүлээд байжээ.
Одоогоор Аль-Балад баазад АНУ-ын 15 хүрэхгүй тооны цэрэг, нэг нисэх онгоц байрлаж байгаа гэнэ. Ирак дотроос үйлдсэн ийм халдлагууд сүүлийн үед нэмэгдэж байгаа. Ихэнхдээ Иракийн цэргүүд халдлагын золиос болдог бол өнгөрсөн сард АНУ-ын армийн нэг гэрээт ажилтан алагдсан юм.
Генерал Солейманигийн амийг хөнөөсний дараа Иран улс Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудад агаарын цохилт өгснийхөө дараа дайсагнасан байр сууринаас ухраад байгаа. Харин Ирак дахь Ираны талыг баримтлагч зэвсэгт бүлэглэлүүд өшөө авалтаа зогсоох шинжгүй байгаа юм.
Тэдний халдлагад цэргийн баазууд төдийгүй АНУ болон бусад улсуудын элчин сайдын яамд байрладаг Багдадын “Ногоон бүс” өртдөг болоод байна.
Эх сурвалж: AFP