Нийслэлийн Засаг дарга Су.Батболд энэ сарын 24-нөөс эхлэн 21 хоногийн турш Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр мал дамжуулан тээвэрлэх, малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон захирамж гаргажээ. Зүүн гурван аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа. Малын гоц халдварт өвчин нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэр гарчээ.
Мөн Засаг даргын захирамжаар нийслэлийн Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт товчооны Мал эмнэлгийн хяналтын цэгийг 24 цагийн турш ажиллуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийхээр болсон байна. Хяналтын постоор голомтын бүсээс ирж байгаа машин техник, мал амьтныг оруулахгүй. Захирамж үйлчлэх хугацаанд эдгээр постод Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас томилгоот бүрэлдэхүүн 21 хоногийн хугацаатай ажиллах юм байна.