Том хэмжээний сүлжээ их дэлгүүрүүдтэй холбоотой зөрчил гарсаар байна. Тухайлбал, өнгөрсөн онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 3000 орчим гомдол ирсний 50 хувь нь худалдаа, үйлчилгээний салбартай холбоотой аж.
Томоохон сүлжээ их дэлгүүрүүд хаяг, шошгогүй гарал үүсэл нь тодорхойгүй импортын хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөрчил буурахгүй байна. Шалгалтаар ихэнх дэлгүүр архи согтууруулах ундааны үнийг буруу бичиж, хямдрал зарласан мэтээр иргэдийг залилсан гэж ШӨХТГ-ын Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Цэрэндулам ярив.
Зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд сануулга өгч, 14-21 хоногийн хугацаанд зөрчлөө арилгах үүрэг өгсөн байна. Энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлэхээр болжээ.